Нийслэлээс  677,5 тэрбум төгрөгийн ажлыг хувийн хэвшлийнхэнд санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-20 15:28:26

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй их хотын дэд бүтцийг сайжруулж, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэхээр бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийг өргөжүүлэх боломжийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж байна.

 Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай нөхцлийг бүрдүүлэхээр НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд зохион байгууллаа.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид олон улсын байгууллагын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов.

 Уулзалтын эхэнд Хотын дарга С.Батболд хотын хөгжлийг түргэтгэхэд хувийн хэвшлийнхний оролцоо чухал бөгөөд хүнд суртлыг арилгаж, нээлттэй ил тод байдлыг бий болгож ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрээр Улаанбаатар хотын худалдааны танхим нийслэл бизнесийнхний  түүчээ болон ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бизнес эрхлэгчид хариуцлагатай байж, хотын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг, нийслэлийн зүгээс дэмждэг байх боломжийг олгоход өнөөдрийн уулзалт чиглэнэ” хэмээн онцлов.

Харин НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ, “Нийслэлийн удирдлагууд хотыг зөв голидролоор нь хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Үүнийг ажил хэрэг болгох үүднээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх чиглэлээр 2 шинэ хууль, тэдгээриййг дагалдах 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна.

Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан. Төсөвт тусгасан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх нь чухал зорилтын нэг юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад  энэ чуулга уулзалт чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Үүний дараа Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Улаанбаатар хотын худалдааны танхимын  Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл нар цан цохисноор “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэлсэн юм.

 Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимын  Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл хэлэхдээ,  “Манай танхим Улаанбаатар хотын бизнесийн орчныг боловсронгуй болгох, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 оны 3 дугаар сард байгуулагдсан залуу байгууллага юм.

Хэдийгээр бид байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд НЗДТГ-тай хамтран Улаанбаатар Форум 2015, 2016 бизнес чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Итали, Австри, Хятад, Энэтхэг зэрэг олон улсын бизнесийн байгууллагууд, худалдааны төлөөлөгч нартай хамтран ажиллах, хөрөнгө оруулах талаар уулзалт хийж бизнес эрхэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцох зорилгоор сар бүр “Гишүүдийн уулзалт”-ыг зохион байгуулсаар байна. Цаашид Улаанбаатар хотын худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллаж байгаагийн хувьд  гишүүдийнхээ санал болгож буй эдийн засгийн өндөр үр өгөөжтэй Агропарк, Смарт Сити, Эрчим хүчний алдагдлыг зардалгүйгээр ашиг болгох төслүүдийг дэмжиж, манлайлан оролцох болно. Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам өнгөө засч, өргөжин дээшилж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэний нөөц бололцоог зөв дайчлан оролцуулж чадвал хот маань улам хурдацтай хөгжих боломж бий гэж харж байна” хэмээв.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын үндсэн илтгэлийг Хотын дарга С.Батболд тавьсан юм.

Тэрээр илтгэлийнхээ хүрээнд УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулав.

Тодруулбал нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69.6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт  677,5 тэрбум төгрөгийн ажлыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар авч  үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193,2 тэрбум төгрөг, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулахаар тооцжээ.

Хот байгуулалтын хүрээнд, Шинэ суурьшлын бүсийн 683,3 га газар бүхий Налайх, Багануур, Багахангай, Эмээлтэд өндөр  технологи бүхий 150 гаруй үйлдвэрүүдийг барих 15,0 мянган ажлын байр шинээр бий болгоход нийт 4 их наяд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буйгаа хотын дарга дуулгасан юм. Захын бүсийн гэр хорооллыг  эрчим  хүчинд бүрэн холбож, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, орчны бохирдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлэх юм байна. 

 Түүнчлэн нэг сая гаруй хүн амтай метрополис хотын хүн амд үйлчлэх нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Тодруулбал Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд BRT буюу тусгай замын автобусны төслийг энэ хавраас эхлүүлэхээр болжээ.

Боловсролын салбарт 2017 онд улсын төсвөөс 42,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, БНХАУ-ын 39,0 тэрбум төгрөгийн  буцалтгүй тусламжаар 7 сургууль, БСШУС-ын яам, төр хувийн түншлэлээр 29 сургууль барихаас гадна төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 5 цэцэрлэг барина гэдгийг Хотын дарга илтгэлдээ дурдлаа.

Мөн хүн амын өвчлөл өсөн нэмэгдэж буй энэ үед эрүүл мэндийн салбарт 2017 онд нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна. Энэ хөрөнгөөр  Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Мэс заслын тасаг шинээр байгуулан, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн техник, технологийн нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох аж. Мөн Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр–4”-ийн хүрээнд 37,2 сая ам.долларын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой, нэгдсэн эмнэлэг, 10 өрхийн эмнэлгийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт барих ажлыг эхлэх юм байна.

Бизнес уулзалтад “Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох”, “Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал”, “Инноваци шинэ дэвшилтэт  технологид тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалт”, “Худалдан авах ажиллагааны ил тод байдал”, “Авто замын захиалагчийн хяналт” гэсэн сэдвүүдээр дэд илтгэлүүд тавьсан юм.

 Б.Заяа 

 Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻