С.Батболд: Бүтээн байгуулалт нь 50 хувиас дээш концессын гэрээг үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар/МОНЦАМЭ/.Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий "Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017" уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.
Уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчид НЗД С.Батболдоос сонирхсон асуултаа асууж, санал, хүсэлтээ илэрхийлэв.
-“Полска Монгол” компанийн төслийн удирдагч Т.Дагвадорж: Манай компани өнгөрсөн жил Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах, барих, шижлүүлэх төрлөөр нийслэлтэй концессын гэрээ байгуулсан. Гэвч дотоодын болон олон улсын зах зээлээс санхүүжилт босгох явцад хэт удаашралтай хэмээн үзэж гэрээг цуцалсан. Үүнийг үргэлжлүүлэх боломж байна уу?
-Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа концессын гэрээнүүдийг цуцалсан. Харин бүтээн байгуулалт нь 50 ба түүнээс дээш хувьтай байгаа гэрээг үргэлжлүүлнэ. Тиймээс та бүхэн нийслэлийн холбогдох албаныхантай уулзаад асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй.
-“Бидний гэр” компанийн Гүйцэтгэх захирал Б.Цасчихэр: Өнгөрсөн хугацаанд “Авто худалдааны цогцолбор” байгуулах асуудал эрчимтэй яригдаж байсан ч одоог хүртэл үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Тухайн үед дуудлага худалдаагаар газар худалдаж авсан аж ахуйн нэгжүүд одоо хохирч байна. “Авто худалдааны цогцолбор”-ыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах уу?
-Автохудалдааны захуудыг нийслэлээс гаргах ажил үргэлжилнэ. Одоо төлөвлөгөө боловсруулах ажил үргэлжилж байна.
Мөн Нийслэлд автомашин худалдаж буй захууд орон сууцны хороолол барих амлалт өгөөд НЗДТГ-тай гэрээ байгуулсан байдаг. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах болно.
-“Элит констракшн” компанийн захирал Ц.Төмөрсанаа: Манай компани орон сууцны дундах тоглоомын талбайн газар дор автомашины зогсоол байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил хоёр газар доорх зогсоол байгуулах зөвшөөрөл авсан. Гэтэл ажлаа эхлүүлэх үед орон сууцны иргэд эсэргүүцэл үзүүлдэг. Эсэргүүцлийг эхлүүлж байгаа хүмүүс нь бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдийг шантаачилж, үнэгүй зогсоол авах зорилготой байдаг. Тиймээс газар дор автомашины зогсоол байгуулаад, хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж өгнө гэдгийг нийслэлийн зүгээс иргэдэд ухуулан сурталчлах шаардлагатай байна.
-НИТХ-аар бид “Авто зогсоол” хөтөлбөр батлуулна. Улаанбаатар хотын түгжрэлийн 25 хувь нь авто зогсоол байдаггүйтэй холбоотой.Тиймээс бид орон сууцны хороолол дундах тоглоомын талбайн газар доор авто зогсоол барих чиглэлээр ажиллана. Энэ чиглэлээр нийслэлийн иргэдэд танин мэдүүлэх, сурталчлах чиглэлээр ажиллах болно.
-“Карьер” бетон зуурмагын компанийн Ерөнхий захирал Ж.Баяраа, “Хотыг удирдана гэдэг амаргүй. Япончууд хотоо 500-600 жил, БНСУ 400-500 жилийн настай байгуулдаг. Гэтэл монголчуудын барьсан зам 1-3 жил, инженерийн барилга байгууламж 5-10 жил болоод л хуучирдаг. Энэ нь Монголчууд аливаа ажилд шинжлэх ухаанчаар хандахгүй байгаатай холбоотой. Барилга барихдаа Эрээнээс чанаргүй цемент оруулж ирдэг, төмрийн хаягдлаар хийсэн арматур төмөр ашигладаг гэх мэт. Түүнчлэн Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах ажил маш чухал. Туул голын сав газарт байгуулсан гүний худгуудыг маш сайн хамгаалах хэрэгтэй. Хотын бүх иргэдийн хувь заяа НЗД-ын гарт бий. Тиймээс аливаа аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах бол нэн тэргүүнд нөгөө талынхаа баримтлах стандартыг зааж өгөх хэрэгтэй. Ялангуяа хими, физикийн стандартууд. Ингэж байж өнөөдөр тавьсан зам, барилга байгууламж олон жилийн насжилттай байх юм.
-Таны саналуудыг хүлээн авч байна. Хотын усан хангамж бол НЗД-ын гол асуудал. Усны эх үүсвэр онцгой хамгаалалтад байгаа. Бид дэлхийн хотуудаас илүү цэвэр ус авдаг. Харамсалтай нь орон сууцуудын шугам, сүлжээ хуучирсан тул зэвтэй ус гардаг.
-Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: Нийслэлээс манай дүүрэгт үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж байгаа. Та бүхэн үйлдвэр технологийн паркад нэгдсэнээр маш олон хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн энэ жил “Багануурын ДЦС”, нарны цахилгаан станц барих, Хонины ноос гүн боловсруулах үйлдвэр байгуулах, хүрэн нүүрснээс дизель түлш гаргаж авах ажил эхэлнэ. Мөн зүүн бүсийн худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор төв байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолой хөрөнгө оруулагчдыг бидэнтэй уулзахыг урьж байна. Орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайн дор авто зогсоол байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж бидэнтэй хамтран ажиллаж болно. Мөн гэр хороололд дэд бүтэц татах ажилд хамтрах хүсэлтэй иргэдтэй хамтран ажиллахад бэлэн байна.
-Танд баярлалаа. Бизнес эрхлэгчдийг Багануур дүүрэгт хөрөнгө оруулахыг уриалж байна.
-“Mongol Rubber” компанийн Ерөнхий захирал Н.Мөнхбаяр, “Манайх хүүхдийн резинен хавтан үйлдвэрлээд 10 жил болж байна. Энэ хавтанг хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаас эхлээд тоглоомын талбай тохижуулах гэх мэт олон хэлбэрээр ашигладаг. Резинен хавтанг хаягдал дугуйг боловсруулан хийдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт найман сая дугуйг дахин боловсруулсан. Бид бүхэн нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй тохижилтын ажилд энэхүү хавтангаа хамгийн хямд үнээр нийлүүлэхэд бэлэн байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс гадна ажлын байр бий болгох боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламж олгохыг хүсч байна. Ингэвэл нийслэлийн хөрс, орчны бохирдол шийдэгдэхэд тус дөхөм болно.
-Хотын дарга санаачлагыг бид дэмжиж ажиллах болно гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал