Аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн уралдаанд Мандалын хүүхдүүд манлайлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Илтгэх урлагаар дамжуулан өөрийгөө нээх, хөгжүүлэх, бусдад өөрийгөө ойлгуулах чадамжаа дээшлүүлэх зорилго бүхий Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн уралдаанд багш, сурагчид амжилттай оролцож аваргаа тодруулжээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээний 35 сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулсан “Уран илтгэл”-ийн энэхүү уралдаан нь 9-10-р анги, 11-12-р анги, багш нарын гэсэн ангилалд явагдаж дүнгээ гаргасан байна. Ингээд уран илтгэх урлагийн чадамжаараа 9-10-р ангийн ангилалд Мандал сумын ЕБ-ийн 3-р сургуулийн сурагч Б.Батбаяр тэргүүлж, Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС-ийн Б.Энхжавхлан уран илтгэгчээр тодорсон бол 11-12-р ангийн ангилалд тэргүүн байрыг Мандал сумын ЕБ-ийн 3-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Эрдэнэбулган, уран илтгэгчээр Түшиг сумын ЕБС-ийн "Infinity" баг тус тус шалгарч бусдыгаа манлайлжээ.
Харин багш нарын ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн сургалтын менежер Н.Тэгш-Ариун, удаах байрт Сүхбаатар сумын 3-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Л.Олонтүмэн нар шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг