ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд валютын нөөцийг 4 тэрбум ам.долларт хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар/МОНЦАМЭ/.ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын багц арга хэмжээний талаар харилцан тохиролцсоноор Монголбанк Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллаж байна.
Үүсээд буй хүндрэлийг даван туулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байна.
Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглах юм. Ингэснээр төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн алдагдал буурч, эдийн засаг, өрийн тогтвортой байдал сэргэхээс гадна санхүүгийн зуучлалын үр ашиг нэмэгдэж, эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлтийг хангах суурь орчин бүрдэх аж. Тодруулбал, төлбөрийн тэнцэл ирэх жилүүдэд ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, инфляцийг 6-7 хувьд хүргэж тогтворжуулахаар тооцож байна.
Төсвийн алдагдлыг бууруулж, тогтвортой байдлыг хангах нь Стэндбай хөтөлбөрийн гол зорилт бөгөөд энэ хүрээнд төсвийн зардлыг хязгаарлах, орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байхаар авч хэрэгжүүлэх аж. Гэхдээ зайлшгүй байх ёстой нийгмийн зардлууд хадгалагдан үлдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цаашид банкны салбарын хувийн хэвшилд олгох зээлийн эх үүсвэр чөлөөлөгдөж, хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилтыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Цаашид эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл сайжирч, инфляци нам түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцэлд гарах эерэг өөрчлөлт нь бодлогын хүүг бууруулах нөхцөл болох юм байна.
Харин валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, валютын интервенцийг зөвхөн ханшийн огцом савалгааг зөөлрүүлэх чиглэлд хийх суурь зарчмаа Монголбанк үргэлжлүүлэн баримтлана гэдгээ мэдэгдлээ. Улмаар Монголбанкны эрх, үүргийг тодорхой болгож, засаглалыг бэхжүүлэн, хараат бус байдлыг сайжруулах үүднээс Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар батлуулан мөрдөж ажиллах юм байна. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг одоогийн нөхцөлөөр буюу хэвээр үргэлжлүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл өмнө нь олгосон ипотекийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс орж ирэх хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг Монголбанкнаас, үлдэх хэсгийг улсын төсвөөс гарган санхүүжүүлэх юм. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилтийн дүн одоогийн түвшнээс буурахгүй аж.
Хөтөлбөрийн бас нэг хэсэг нь санхүүгийн салбарыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд нөлөөлнө. Энэ нь банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ гэсэн үг. Үнэлгээний үр дүнг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авах юм байна. Түүнчлэн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг бэхжүүлэх аж.
Ийнхүү Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн бодлогын үр дүнд монголын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өрийн тогтвортой байдлыг хангахаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлжих зэрэглэл болон эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй бичин жилийг үдэж байна.
Б.Заяа