Аграмба Р.Санжайжавын шүтээнийг Ганданд түр залаад нутагт нь бунхална
МОНГОЛЫН МЭДЭЭАграмба Р.Санжайжавын занданшуулсан шүтээнийг энэ сарын 21, 22-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд түр байрлуулан сүсэгтэн олонд мөргөл залбирал хийх боломж олгохоор болсноо өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Цахир сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Ханбүргэдэй ХХК-аас мэдээллээ.
Энэхүү ёслолын дараа энэ сарын 24, 25-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд Содномдаржаа ууланд нь аваачин увидаст шарилыг хуучин газарт нь буцаан зална. Монгол Улсад одоогоор бясалгасан занданшуулсан увидаст шарил 2-3 байдаг аж. Хамгийн сүүлд IX Богд Жавзандамба хутагтын шарилыг занданшуулан засч дууссанаа Гандантэгчинлэн хийдээс бас мэдэгдэв. 17 дугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын шинийн найманд буюу Бурхан багшийн их дүйцэн шинийн 15-ны өглөө Есдүгээр Богд лам таалал төгссөн байдаг. Үүнээс хойш 3 жил орчмын хугацаанд Гандантэгчэнлин хийдийн лам, судлаачид онгоныг занданшуулж, шүтээн болгожээ. Ирэх 11 дүгээр сарын эхээр Гандантэгчэнлин хийдийн хоймор залж, сүсэгтэн түмэнд мөргөл үйлдэх боломж нээнэ.
Архангай аймгийн Цахир сумын нутагт байсан "Гэсэр лам" Ц.Чүлтэмсүрэн, түүний шавь цорж, аграмба Р.Санжайжав нарын бясалгалын үр дүнд занданших төлөв байдалд шилжсэн шүтээнүүдийн оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилийн хугацаанд ган зуд, аянга зэрэг байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиолдоогүй юм. Мөн тэр нутагт нэг бус удаа гал түймэр болоход дээрх хоёр ламын шүтээний орчим газар нутгийг зориуд мэтээр тойрч өнгөрдөг байсан. Харин өнгөрсөн хавар нэг шүтээнт шарил байрнаасаа зүй бусаар хөндөгдсөн зохисгүй тохиолдол гарсан бөгөөд тухайн 7 дугаар 10-11-ний өдөр газар нутагт нь гэнэтийн цочир хүйтрэл болж, хүйтэн бороо, цас орж нутгийн хэд хэдэн айлын мал олноор үхэж үрэгдсэн явдал гарчээ. Үүнийг шүтээнийг зүй бусаар хөндсөнтэй холбоотой хэмээн Архангай аймгийн Цахирт сумын сүсэгтэн олон үздэг байна. Мөн Монголдоо буй эдгээр шүтээний гайхамшгийг мэдэрч, сайтар засч сэлбэн сэргээснээр Итгэлт хамба болон Түвдийн нутаг руу явалгүй, харин ч гадны жуулчдыг олноор татах боломж нээгдээд байгаа, увидаст цаглашгүй лам, хутагт нарын шидэт шүтээнийг залах цаг нь болсныг судлаач Ч.Эрдэнэ, доктор Д.Чулуунжав, сэтгүүлч А.Баатархуяг нарын үг хэлэхдээ цохон тэмдэглэж, санал нэгдлээ. Мөн багш, шавь хоёр ламын чулуун бунханыг ууланд нь залах ёслолд сүсэгтэн олныг өргөнөөр оролцоорой гэдгийг энэ үеэр зарлан мэдээлэв.
Ж.Батсайхан