Тосонцэнгэл сумын ээжүүд сүүн цацал өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны өнцөг булан бүрт ээжүүд баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ээжүүд, эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр өглөөний нар, мөнх хөх тэнгэр, алтан шар зам, нутгийн уул, ус овоо хангайдаа цай сүүнийхээ дээжийг өргөн эрүүл энх гай барцадгүй, ажил үйлс нь өөдрөг бүтэхийн өлзийг бэлгэдэн сүүн цацал өргөлөө.
Энэхүү арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ээжүүд өглөөний нар мандахаас эхлэн үд хүртэл сүү өргөх арга хэмжээнд нэгджээ. Тус сумын хажуугаар Улаанбаатар хот, Мөрөнг холбосон засмал зам ашиглалтанд орсноос хойш Тосонцэнгэл сумын ойролцоо олон удаагийн авто осол гарч 10 гаруй иргэн амиа алджээ.
Ээжүүд баярын өдрөө сүү өргөснөөр цаашид аваар осол гарахгүй амар амгалан аз жаргалтай байх эрхэм зорилтыг өвөрлөн сүү өргөх арга хэмжээнд ийнхүү нэгдсэн ажээ.
Б.Гантуяа