Эмэгтэйчүүдийн баярын өдөр улсын хэмжээнд 161 эх амаржив
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан холбогдох албаны хүмүүс ЭХЭМҮТ, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд болон “Гурван гал” эмнэлэгт ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн эхчүүдэд талархал илэрхийлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт эхчүүдэд баяр хүргээд эх орондоо хэрэгтэй, эрдэм номтой эрүүл саруул иргэдийг өсгөн хүмүүжүүлэхийг ерөөв. Түүнчлэн энэ өдөр ажиллаж байгаа салбарынхаа нийт ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсад 161 эх амаржсанаас 68 нь орон нутагт төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд шинээр мэндэллээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
Ж.Болор