Иргэд цахимаар санал, гомдлоо илгээж хариулт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-14 08:17:14

Дундговь/МОНЦАМЭ/ Төрийн байгууллагад хандсан санал, хүсэлт, шүүмжлэлийг иргэд 7059106 цахим сайтаар дамжуулан илэрхийлдэг болоод гурван жил гаруй болж байгаа юм. Энэ сайт хэсэг хугацаанд хаалттай байсан бол өнгөрсөн сараас эхлэн эхлэн хэвийн ажиллаж эхэлжээ.

Иргэд энэ сайтад нэвтэрч, санал, гомдлоо бичиж илгээдэг. ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан иргэдийн илгээсэн санал, гомдлыг холбогдох байгууллагад хуваарилан явуулах бөгөөд байгууллагууд хариуг мөн цахимаар өгнө. Иргэд ямар санал, гомдол илгээж, байгууллагууд ямар хариу өгсөн талаар долоо хоног бүрийн даваа гаригт Олон нийттэй харилцах алба мэдээлдэг.

  Иргэдийн санал гомдолд хариу өгсөн бол “хаагдсан” гэсэн ногоон өнгийн, хариу өгөөгүй бол “нээлттэй” гэсэн шар өнгийн жижиг цонх харагддаг бөгөөд аль байгууллага өөрийн нь илгээсэн асуудалд шуурхай хандаж байгааг иргэд сайтаас харах боломжтой. Илгээсэн санал, гомдолдоо хариултыг нь шуурхай авдаг нь тус сайт иргэдэд сайшаагддаг байна.

7059106 сайтад хандаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь санал илгээдэг. Төрийн үйлчилгээ авах явцад тулгарч буй хүндрэл, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг илүү сайжруулахтай холбоотой саналууд дийлэнх хувийг эзэлдэг ажээ.

Энэ сайтыг төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, иргэдийн санал, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэхэд зориулан “Дундговь хөгжил 21-р зуунд” ТББ- ын санаачлагаар АТС ХХК 2013 онд хийж гүйцэтгэсэн. Үүнд Мерси Кор олон улсын байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Т. Отгонтуяа 

相关新闻