Вакцин хадгалах хөргүүрийг хэвийн ажиллагаанд шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Малын вакцин хадгалдаг хөргүүрийн моторыг шинэчилж, хэвийн ажиллагаанд шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон байна.
Малын вакцин хадгалдаг хөргүүр аймгийн ХХАА-н газарт байдаг. Энэ хөргүүрийн мотор өнгөрөгч 11 дүгээр сард цахилгааны хэлбэлзлийн улмаас шатжээ. Тухайн үед хөргүүрт хадгалах вакцин байгаагүй, нөгөөтэйгүүр өвлийн улирал таарсан учраас моторыг сольж шинэчлэх асуудал түр хойш тавигдаад байсан аж.
Харин одоо урин дулааны цаг ирж байгаа тул вакциныг стандартын горимд хадгалах нөхцлийг яаралтай бүрдүүлж, зориулалтын хөргүүрийг хэвийн ажиллагаанд оруулах шаардлага ХХАА- н газарт тулгарсан байна. Энэ бол зөвхөн нэг байгууллага биш, аймгийн хэмжээнд тулгарч ирсэн онцгой нөхцөл байдал гэдэг үүднээс Засаг даргын нөөцөөс шаардагдах 2.5 сая төгрөгийг ийнхүү зарцуулахаар болжээ.
Хөргүүрийг 2012 онд суурилуулснаас хойш мотор нь гурав дахь удаагаа шатсан нь энэ бөгөөд одоо солихдоо цахилгааны хэлбэлзлээс хамгаалж, дахин шатахгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал байгаа гэж ХХАА- н газрын Мал эмнэлэгийн албаны мэргэжилтэн Ц. Гэрэл хэллээ.
Өнөөдрийн байдлаар хөргүүрт вакцин бий эсэхийг лавлахад, малын цэцэг өвчний эсрэг 1.5 сая тун вакцин өчигдөр ирсэн. Одоогоор хэвийн температурт хадгалагдаж байгаа, хөргүүр хэвийн ажиллагаанд шилжтэл энэ хэвээр хадгалагдах боломж бий гэлээ.
Т. Отгонтуяа