Ажилгүй 60 иргэн мал төллөлтөд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Мал төллөлтийн үед хүн хүчний дутагдал гардаг. Иймээс Төв аймгийн Борнуур сумаас сум орон нутагт ажилгүй байгаа 60 гаруй иргэнийг мал төллөлтөд ажиллуулахаар болжээ.
Өвөлжилт, хаваржилт, цаг үеийн асуудлаар Төв аймгийн Борнуур Бүрэн сумын Засаг дарга Б.Ууганбаяраас тодруулахад “өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн сумдын нэг. Гэхдээ орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд хамтын хөдөлмөрөөр харьцангуй гарз хохирол багатай даван туулсан юм. Өвөл цас ихтэйгээс байснаас бэлчээр муудаж мал нэлээн зутарсан. Одоо цас хатуурсан учраас малыг бэлчээрт явуулж бэлчээрлүүлэх боломжгүй байгаа аж. Иймд малчид малаа байнгын зогсоо байдалд тэжээлээр хангаж байна. Үүнээс болж удахгүй өвс, тэжээлийн дутагдалд орох магадлалтай байгаа” гэв.
Төв аймгийн Борнуур сум нийт 586 Малчин өрхтэй, 114 мянган малтай бөгөөд үүнээс 36 мянган толгой мал төллөхөөс доогийн байдлаар мал төллөлт 10 орчим хувьтай явагдаж байна. Улсын Онцгой комиссоос эхний ээлжид олгосон 20 тонн өвс, 10 тонн тэжээлийг 200 гаруй өрхөд тараасан бол хоёр дахь удаагийн тусламжаар олгосон 18 тонн өвс, долоон тонн тэжээлийг 100 гаруй өрхөд тараана.
Тусламж учраас малчдад бага хэмжээтэй олгогддог. Хоёр дахь удаагийн тусламжийг айл, өрх бүрээр тараах аж. Мөн шар усны үерт өртөж болох хэд хэдэн айлууд бий. Иймээс Засаг даргын захирамжийн дагуу төрийн алба хаагчдаас бүрдсэн мэргэжлийн 66 хүний бүрэлдэхүүнтэй “сумын онцгой комисс”-ийг байгуулж, бэлэн байдалд ажиллуулж байна.
Т.Есүхэйтөмөр