Английн найруулагч Хамба лам Д.Нацагдоржийн ажил, амьдралыг дэлгэцэнд мөнхөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-22 14:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” хэмээх цувралын хүрээнд Английн кино найруулагч, продюссер Бенжамин Жонс Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийж байна.

Энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээллээ.

Найруулагч Бенжамин Жонс тус цувралын хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр Хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдоржийг сонгожээ.

Тэрээр уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалт, эмчилгээ явуулж байсан Манба дацанг хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг тэр хэвээр нь эрхлэх ажлыг 1990 онд эхлүүлжээ. Түүний байгуулсан Манба дацан нь “Оточ манрамба” анагаах ухааны дээд сургууль, “Манба дацан эмнэлэг”, "Манба дацан" эмийн үйлдвэр, ”Шинжээч оточ“ лаборатори, Эмчилгээ сургалтын цогцолбор, Хэвлэл мэдээллийн алба, ”Манла бурханы хүүхдүүд” нийгэмлэг зэрэг салбаруудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Хамба лам, Хүний гавьяат эмч Д.Нацагдорж: Энэ киноны зураг авалтад бид хичээж ажиллалаа. Кино багийнхан сарын хугацаанд цаг наргүй, байгалийн хүйтэн ширүүн нөхцөлд ажилласнаас гадна уран бүтээл олны хүчээр бүтсэн. Энэхүү баримтат кинонд миний амьдрал, ажил бүтээлийн талаар үзүүлэхээс гадна Монголын түүх, соёл, боловсрол, хөгжил, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалыг дэлхийн үзэгчдэд таниулна гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, түүх болоод хийж буй ажил нь үнэхээр сонирхолтой. Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд зураг авалтаа эхлүүлсэн, одоогоор талдаа ороод байна. Монгол дахь зураг авалт нэг сарын турш амжилттай явагдлаа. Сүүлийн зураг авалт ирэх сарын эхээр Лондонд үргэлжилнэ. Баримтат киногоо ирэх зургадугаар сард бэлэн болгохоор төлөвлөсөн. Үүний дараа олон улсын кино наадмуудад өрсөлдүүлнэ. Биднийг Завхан аймгийнхан маш халуун дотноор хүлээн авч, тусалж дэмжсэн. Тиймээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож, ирэх 7, 8 дугаар сард Монголд албан ёсны нээлт хийж, Завхан аймаг болон Цагаанчулуут сумын иргэдэд киногоо хамгийн түрүүнд үзүүлнэ.

Энэхүү баримтат киноны зураглаачаар “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай киноны зураглаачаар ажиллаж байсан Гэрри Васвэнпэр ажиллаж байна. Киноны зөвлөх продюссерээр ажиллаж буй Константин Палвидис нь буддын гүн ухаан болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэн хүн юм.

Найруулагч Бенжамин Жонс Англи улсад олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаад оронд хэд хэдэн баримтат кино хийжээ. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай “The Nihang”, Бүгд Найрамдах Куба Улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” зэрэг баримтат киног бүтээсэн байна . “The Huichols” хэмээх Мексик Улсад бүтээсэн ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино нь хамгийн их амжилт авчирчээ.

Тэрээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоор, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоор тус тус хүртжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

相关新闻