Архидалттай холбоотой гэмт хэрэг буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 16:48:22
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгдэж байна.

Нийт гарсан гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 нэгжээр буюу 20.2 хувиар өссөн бол он гарсаар эхний хоёр сарын байдлаар архидалттай холбоотой гэмт хэрэг 150 бүртгэгдэж гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг албаныхан сануулсан юм.  2015 оны эхний 10 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 154 нэгжээр, 2016 оны 10-р сарын байдлаар 193 нэгжээр тус тус өсөлттэй гарч байжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа нийт иргэдийн 44.6 хувь буюу 307 иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд байгаа ба архинд донтох өвчтэй ажилгүй иргэдийн судалгааг гарган тэдэнд сэтгэл заслын эмчилгээг хийж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран архинд донтсон иргэдийг ажлын байраар хангавал согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болон захиргааны зөрчил тодорхой түвшинд буурна гэж Төв аймгийн АЗДТГ-ын зүгээс үзэж байгаа юм.

Мөн гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үлдэж байгаа иргэдийн 40.7 хувийг 16-29 насны залуучууд эзэлж байгаа нь архидалт залуужиж өсвөр үеийнхэн захиргааны зөрчилд холбогдох тохиолдол ихэссэн байгаагаас харагдаж байна.

Иймээс архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хор холбогдлыг иргэд олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг тогтмол явуулж, хүүхэд  залуучууд өсвөр үеийнхэнд архи тамхины хор уршгийн талаар мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байгаа талаар Төв аймгийн Цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан байцаагч, Цагдаагийн дэслэгч Н.Бямба-Очир тайлбарлалаа.

Т.Есүхэйтөмөр

相关新闻