Сансар судлалын холбогдолтой өвөрмөц цуглуулгыг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль болон Хүүхдийн Урлан бүтээх төвтэй хамтран “Аз жаргалтай хотын залуу зохион бүтээгч хүүхдүүд” өдөрлөгийг Сансар, од эрхэсийн ордонд зохион байгууллаа.
Уг өдөрлөг нь зохион бүтээгч хүүхэд залуучуудыг дэмжин ажиллах, сансар судлал, нисэх сансрын технологи чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэх зорилготой.
Энэ үеэр оюутан сурагчдын бүтээсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загвар, бүтээлүүдээс гадна сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэрийг хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулсан юм.
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал