Улсын хэмжээнд гамшгийн дохио дуугарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-23 18:01:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт өнөөдөр 16.00 цагт орон даяар болов.

Уг арга хэмжээг ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дахь долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг. Дадлага, сургалт нь хоёр үе шаттай явагдлаа. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсов. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж, гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларав.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайд ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлүүдээс гамшгийн үед барилгыг орхин гарах, аврах ажиллагаа зохион байгуулах болон гэмтсэн иргэдэд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж үзүүлэх дадлага хийв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻