Дэлхийн банкны 20 сая ам.долларын зээлээр ЖДҮ-ийн экспортыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭЭкспортын 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй энэ үед бусад салбарын экспортыг дэмжих, экспортын баримжаатай бүтээгдэхүүн бий болгохоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос Монгол Улс 20 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо.
Дээрх зээлийн хүрээнд 4.5 жилийн хугацаатай “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжих, гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чадавхийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх юм байна.
Шангри-Ла зочид буудалд болсон “Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлтэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон нарын албаны хүмүүс оролцов.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийг нээж хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээх хэрэгцээ шаардлага тулгарч буй энэ цаг үед “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай туршлагыг нэвтрүүлэх, экспортын даатгал зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн бий болгоно. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зорилтот зах зээлд нэвтрэх боломжийг олгох юм байна. Энэхүү төсөл нь хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхний ээлжинд экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийг экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангана. Хоёрдугаарт экспортын өрсөлдөөнийг сайжруулах замаар гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх юм” хэмээн онцлов.
Төслийг хэрэгжүүлэхдээ ЖДҮ эрхлэгчдэд тодорхой шалгуур тавих бөгөөд “Экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, мэдлэг олгох сургалтад хамруулах, ноу хауд суралцах, боломжийг өргөжүүлэх юм байна. Түүнчлэн ЖДҮ-ээс ирүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хүсэлтийг үнэлэх Үнэлгээний хороог төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулан байгуулах аж.
Төслийн хүрээнд Монгол Улс төслөөс ашиг хүртэгчдийн экспортын өсөлтийг 15 хувиар өсгөх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын гэрчилгээ авсан ЖДҮ эрхлэгчдийн тоог 15 хувиар өсгөх, экспортын даатгалд хамрагдсан, санхүүгийн дэмжлэг авснаар экспортын үйл ажиллагааг эхлүүлсэн ЖДҮ эрхлэгчийн тоог 15 хувиар нэмэгдүүлэх үүрэг хүлээж байна.
Ийнхүү Дэлхийн банкны санхүүжилт авснаар Монгол Улс олон жил цаасан дээр хэрэгжсэн эдийн засгийн төрөлжилтөө эхлүүлж, дэлхийн зах зээлд гаргах экспортын баримжаа бүх шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болох боломжтой болж байна.
Энэ үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэхдээ, “Нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан Монгол орны хувьд экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү төсөл нь амьжиргааг дэмжих, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход ач тусаа өгнө” гэлээ.
Төслийн хэрэгжилтийн эхний шатанд олон улсын зөвлөх шинжээч нартай хамтран одоогийн хууль эрхзүйн орчинд цогц судалгаа хийж, экспортын даатгалын чиглэлээр ажил өрнүүлэхийн зэрэгцээ сонгосон экспортын бүтээгдэхүүний гарын авлагыг боловсруулах юм байна.
Мөн мэргэжлийн боловсон хүчин бүхий экпортын даатгалын охин компани байгуулах бөгөөд ЖДҮ-ийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлдвэр эрхлэгчдийг болзошгүй эрсдэл хохирлоос урьдчилан сэргийлэх, экспортлогчдод техникийн туслалцаа үзүүлж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм.
Б.Заяа
Гэрэл зургийг Т. Чимгээ