Дэлхийн театрын өдрөөр “Гамлет” жүжгээр бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-27 15:53:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн хурал хийв.

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. Театр хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм

УДЭТ-ын дарга, УГЗ Д.Цэрэнсамбуу хэлэхдээ, “Энэхүү баярын өдрийг угтан манай театрын уран бүтээлчид гуравдугаар сарыг "Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлээс сор болсон жүжгүүдээ дээжлэн үзэгч түмэндээ өргөн барьдаг уламжлалтай. Мөн энэ өдрийг угтаж театр өөрийгөө толинд харах зорилго тавьдаг болсон. Өнгөрсөн жил олон улсын театрын өдрийг тохиоулдуулан театрын менежмент, марктенгийн чиглэлээр Герман улсаас зочин урьж сургалт, хөдөө орон нутгийн театруудтай хамтран сургалт зохион байгуулсан. Энэ жилийн хувьд сургалтын үйл ажиллагааг өөр хэлбэрээр зохион байгуулна” гэв.

Энэ өдөр тус театрын ура бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгээр үзэгчдэд бэлэг барих юм. Энэхүү эмгэнэлт драмыг жүжгийг 2012 онд Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар шинэчлэн найруулж үзэгч түмэндээ хүргэсэн билээ. Жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон юм.

Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор, ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт, “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулах юм. Мөн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, Сультимов Доржо Норбосампилович энэ өдрүүдэд театрт ажиллах юм байна.

Мөн “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, СУИС-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зарласан бөгөөд шалгаруулалтыг ирэх сард явуулах аж.

“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос аймгуудын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдэд хүргэж иржээ. Энэ удаа Дорнод аймгийн Чойбалсан хотод ирэх сарын 21-23-нд, Дархан-Уул аймагт 28, 29-нд, Орхон аймгийн “Уурхайчин" соёлын ордны тайзнаа ирэх сарын 30, тавдугаар сарын 01-нд тоглохоор бэлтгэл ажлаа эхэлсэн тухай дуулгалаа. Тоглолтын хөтөлбөрт У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг багтжээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻