“Гэгээн муза-18” театрын наадам хоёр ангиллаар хүрээгээ тэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-26 09:55:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Гэгээн муза-18” олон улсын театрын наадам энэ удаад “Хүүхэлдэйн театрын жүжиг”, “Шилдэг хөрөнгө оруулагч” ангиллаар хүрээгээ тэлснээрээ онцлог боллоо.


Театрын наадамд төворон нутаг, хувийн театр, чөлөөт уран бүтээлчид 2024-2025 онд хамгийн олон жүжиг хийсэн бөгөөд ийнхүү олон бүтээл туурвихын хэрээр уран бүтээлчдийн ур чадвар өрсөлдөх, дүгнэх, бие биеэсээ туршлага судлах хэмжээнд болжээ.


Театрын наадмын шилдгийн шилдгүүдээр Үндсэн жүжгийн ангилалд Про театрын “Щелкунчик”, Бэсрэг жүжгийн ангилалд Румын улсын Theatre Tony Bulandra-гийн бүтээл “Би биш” жүжиг шалгарсан юм. 


Түүнчлэн, “Шилдэг найруулагч” ангилалд “Шадар гурван цэрэг” жүжгээр О.Итгэл, “Шилдэг тайзны зураач” ангилалд “Асрын өндөр” жүжгээр С.Ариунболд, “Шилдэг хөгжмийн зохиолч” ангилалд “Асрын өндөр” жүжгээр Ш.Өлзийбаяр, “Шилдэг эрэгтэй гол дүр” ангилалд “1984” жүжгийн Уинстон Смитийн дүрээр С.Болд-Эрдэнэ, “Шилдэг эмэгтэй гол дүр” ангилалд “Эдип хаан” жүжгийн Jocasta-гийн дүрээр Анжелика Лемони (Angeliki Lemoni), “Шилдэг эрэгтэй туслах дүр” ангилалд “Асрын өндөр” жүжгийн Хохойн дүрээр А.Цэрэнбалжир, “Шилдэг эмэгтэй туслах дүр” ангилалд “Шадар гурван цэрэг” жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр Т.Энэрэл тодорлоо. 



Хүүхэлдэйн жүжгийн төрөлд Улсын хүүхэлдэйн театрын бүтээл ”Морин хуур”, хоёр хүний жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч” номинацид “Omikronyiota” жүжгээр Ионнис Дидаскалу (Ioannis Didaskalou), “Шилдэг зураач” номинацид “Omikronyiota” жүжгээр Атанасиа Чалкиа (Athanasia Chalkia), Зой Папари, “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид “Хархны ан” жүжгийн Эрэгтэйн дүрээр П.Мөнхдэлгэр шалгарав. 


“Гэгээн муза-18” театрын наадмын онцлогийг Ардын жүжигчин С.Сарантуяа ярихдаа, “Наадамд гадаадын уран бүтээлчид өрсөлдөхөөр саналаа ирүүлсэн нь өмнө жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Мөн хүүхэлдэйн бүтээл туурвигч уран бүтээлчдээс ирсэн хүсэлтийн дагуу Хүүхэлдэйн жүжгийн төрлийг шинээр нэмсэн. Энэ нь хүүхэд, багачуулд зориулж бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Өнгөрсөн хугацаанд төв, орон нутгийн олон театр, продакшны бүтээлүүдийг шалгаруулж байхад, алс холоос оролцож буй уран бүтээлчид мэргэжлийн шүүгчдээр үнэлүүлэхийг зорьдог. Уран бүтээлчдийн дунд хийсэн судалгаагаар санхүүгийн бэрхшээл их байна. Иймд театрын урлагийг дэмжиж, ивээн тэтгэсэн байгууллагыг дэмжихээр “Шилдэг хөрөнгө оруулагч” номинацийг мөн нэмсэн. Энэ удаад Завхан аймгийн Хөгжимт драмын театрын “Асарын өндөр” жүжгийг ивээн тэтгэсэн, “Огторгуйн цагаан гарьд сан”-г тодруулсан" гэв. 



“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор зохион байгуулсан тус наадмын эхний шатны үзлэгт гадаад, дотоодын 92 бүтээл ирснээс 23 нь шалгарч, дөрвөн төрлийн 21 номинацад нэр дэвшүүлж, Монгол, Уганда, Дани, Словени, Хонконг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунисын уран бүтээлчзочин шүүгчид оролцжээ. Энэ нь Гэгээн Муза наадмаар дамжуулан Монгол Улсын театрын хөгжил, нэр хүндийг олон улсын түвшинд таниулж, наадмыг мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадвараа сорих талбар болоход үр дүнг авчирсан гэж наадмыг зохион байгуулагчид үзэж байна

相关新闻