“Чингисийн хүүхдүүд” кино АНУ-ын зах зээлд гарах эрхээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-27 19:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016 оны нэгдүгээр улирлаас эхлэн бүтэн жилийн хугацаанд бүтсэн “Чингисийн хүүхдүүд” Монголын уран сайхны кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авсан талаар контент продюссер, ерөнхий зураглаач Д.Ангараг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрээр энэ талаар, “Маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох "General Audiences" буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадлаа. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгуулдаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй. Moana, Sing, Zootopia зэрэг алдартай хүүхэлдэйн кино хүртэл "PG" буюу "Эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн Beauty and the Beast, 1994 оны The Lion King, 2001 оны Monsters, Inc, 2003 оны Finding Nemo зэрэг цөөн хэдэн кино "G" ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, санхүүжилтээ хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг. Монголын анхны "G" ангилалд багтсан кино болж энэ хүнд давааг давж чадлаа. "G" ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна” хэмээжээ.

Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын энэхүү бүтээл  ийнхүү Монголын кино урлагт дахин нэг шинэ үүд хаалгыг нээж, шинэ зах зээлд киногоо хүргэж байгаа түүхэн үйл явдал болж байна.

Уг киноны зураг авалтыг 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн бөгөөд найруулагчаар Д.Золбаяр, продюссерээр Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ. Дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглосон байна.

Хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх эл киноны гол дүрд нэг айлын ах дүү гурван хүүхэд тогложээ. Эл бүтээл ирэх долдугаар сард дэлхийн нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Америк, Турк, Хятадын уран бүтээлчдийн баг оролцсон тус киноны пост продакшныг АНУ-д хийж, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ анх гарчээ. 

Дашрамд мэдээлэхэд, продюссер Д.Ангарагт Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн контент продюссеруудын нэг болж нэрнийхээ ард албан ёсоор p.g.a гэсэн гурван үсгийг ашиглах эрхийг Америкийн Продюссерын Гильдээс олгожээ.

Ж.Болор

 

相关新闻