Завханы үйлдвэрлэл эрхлэгчид нэг дор бүтээгдэхүүнээ борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-04 21:47:28

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Хамтын хүч-хөгжлийн гарц” нэртэй төв нээгдлээ.

Энэхүү төв нь аймгийн Засаг даргын бодлого дэмжлэгээр Завхан аймагтаа жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор нээгджээ. Тус төвөөр дамжуулан Завханы үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтанд дэмжлэг үзүүлж нутгийнхаа хөгжилд үйлдвэрлэл эрхлэгчид хамтын хувь нэмрээ оруулах ажээ. Тодруулбал Завхан нутгийн баялаг бүтээгчдийн гаргаа гаргаж, сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг энэхүү төв олгож байна. Түүнчлэн тус төв сургалт, санхүүгийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, татвар, санхүүгийн тайлан гаргах гээд олон талын цогц дэмжлэгийг үзүүлэх юм байна. Энэхүү төвийн үйл ажиллагааг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбарын эмэгтэйчүүд удирдан чиглүүлэх юм байна.

Завханы сум бүр эсгий урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрджээ

Завхан аймаг хонин сүрэг ихтэй. Тиймээс  хониныхоо ноосыг ашиглан хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ажээ.

Хонины ноосыг гар аргаар боловсруулан эсгий хийх, эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн урлах сургалт шинэхэн нээгдсэн төвд эхэлж байна. Энэхүү сургалтыг 10 гаруй жилийн туршлагатай “Цагаан солонго” ХХК-ийн захирал, сургагч багш О.Эрдэнэчимэг Завхан аймагт эхлүүлжээ. Энэхүү сургалтаар Улаанбаатар хотод бэлтгэгдсэн Завхан аймгийн гурван сургагч багш хамтран аймгийн 24 сумын төлөөлөл 40 гаруй эмэгтэйд зааж байна. Эсгий урлалын 10 хоногийн сургалтыг аймгийн эмэгтэйчүүдийн холбоо аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр зохион байгуулж байгаа юм.

Сум бүрийн төлөөлөл бүсгүйчүүд 10 хоногийн хугацаанд ноосоор хийдэг бүх төрлийн бүтээгдэхүүний технологийг сурч, хүн бүр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнг хийх бөгөөд сургалтын дараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Дашрамд эсгий урлалын бүтээгдэхүүний давуу тал нь эрүүл мэндэд тустай, гадаад дотоодын зах зээл дээр эрэлт ихтэй, нэмүү өртөг шингэсэн байдаг. Тиймээс сургалтанд хамрагдсан иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, баялаг бүтээхээс гадна сумынхаа бүсгүйчүүдэд сургалтаа явуулж, орон нутагтаа эсгий урлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻