Завханд эрүүл мэндийн салбарынхны багш шавийн уулзалт анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-06 23:08:25

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Сайн эмч” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал эрүүл мэндийн удирдлагын манлайллыг дээшлүүлэх, иргэн бүрт тэгш, хүртээмжтэй, чанартай, ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа  хөтөлбөрт эрүүл мэндийн тогтолцоог 2016-2020 онд бэхжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор  ханган, нийгмийн баталгааг сайжруулах, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх  зорилгоор “Сайн эмч” хөтөлбөрийг боловсруулаад буй юм.  Хөтөлбөрийн эхлэл болгож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран Завхан аймагт багш шавийн эрдмийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт энэ сарын 3-5-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Улиастай сумд болж 460 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Багш шавийн эрдмийн уулзалтын нээлтэд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа болон  АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АУ-ын доктор, дэд профессор Ж.Энхцэцэг,  АУ-ны доктор Э.Чингэрэл, АУ-ын доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй АШУҮИС-ийн багш, эмч нар урилгаар оролцсон байна.

Эмч нарын хамтарсан баг 20 гаруй хагалгааг хийлээ

Багш шавийн эрдмийн уулзалт дадлага сургалт хосолсон уулзалт болов.

Тухайлбал Завхан аймагт анх удаагаа зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн салбарынхны багш шавийн эрдмийн уулзалт нь танхимын уулзалт сургалтаас гадна хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхжуулах, ажлын байрны тасралтгүй сургалтаар хангах зорилготой  ажээ. Анхны уулзалтаар эмч эмнэлгийн ажилтнууд туршлага солилцох, эх баригч бага эмч нарын ажил мэргэжлийн хамтарсан үзүүлэх сургалт, уралдаан боллоо. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын автомашины бэлэн байдлын үзлэг, жолооч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэгийн түвшинг тодорхойлох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн түвшинг тодорхойлох зорилгоор аттестатчилах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнчлэн нарийн мэргэжлийн болон мэс заслын, мэдээгүйжүүлгийн эмч нарын ажлын байрны дадлагажуулах сургалт болжээ.  Энэ үеэр АШУҮИС-ийн сургалтын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн багтай хамтран Тосонцэнгэл, Улиастай сумд  хүүхдийн болон дурангийн 20 гаруй хагалгааг хийжээ.

Клиникийн профессор цолоор хоёр эмч шагнагдлаа

Багш шавийн уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг урамшуулж шагналаа.

Учир нь эрүүл мэндийн салбарынханы аттестатчилах шалтгалтаа амжилттай өгсөн салбарын шилдгүүдийг тодруулсан байна.  Тухайлбал “Сайн эмч”-ээр  Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч н.Уранчимэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Г.Отгонням, “Сайн сувилагч”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч О.Амарзаяа, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч н.Долгорсүрэн нар тодорсон байна. Харин “Сайн бага эмч”-ээр Улиастай сумын Биндэргарав ӨЭМТөвийн бага эмч Д.Сосоржав, “Сайн багийн эмч”-ээр Их-Уул сумын Үржил багийн бага эмч Г.Дуламжав, “Сайн эх баригч”-аар Отгон сумын эх баригч Д.Дэмбэрэл, “Сайн жолооч”-оор аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын жолооч Ц.Пүрэвдорж, Баянтэс сумын жолооч М.Жигжидсүрэн нар тус тус шалгарчээ. Мөн клиникийн профессор цолыг Одчим наран эмнэлгийн эрхлэгч Н.Ариунсайхан, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Бүдрагчаа нар хүртжээ. Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Э.Түдэв, Эрүүлийг хамгаалахын жуух бичгээр Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч Ц.Туяацэцэг, АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” одонгоор зургаан эмч, мэргэжилтэн шагнагдлаа.

Б.Мягмарсүрэн

相关新闻