“Уран жиргээ-2017" улсын уралдаанд оролцох шилдгүүдээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо “Уран жиргээ-2017" уран уншлагын аймгийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Тус наадамд Сэлэнгэ аймгийн 14 сумын 70 гаруй авьяаслаг хүүхдүүд 3 насны ангилалаар оролцож уран уншлагын аваргуудаа тодрууллаа. Наадмын сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгийн ангилалд Мандал сумын Түнхэл тосгоны О.Ану-Үжин, сургуулийн бага нас буюу 1-5-р ангийн ангилалд Дулаанхан тосгоны ЕББДСургуулийн 3-р ангийн сурагч Б.Орхон нар тэгүүн байрт шалгарсан байна. Мөн наадмын сургуулийн дунд нас буюу 6-9-р ангийн ангилалд тэргүүн байрт Алтанбулаг сумын ЕББДСургуулийн 8-р ангийн сурагч Э.Энхсүлд, сургуулийн ахлах насны буюу 10-12–р ангийн төрөлд Мандал сумын Түнхэл тосгоны ЕББДС-ийн 12-р ангийн сурагч Б.Төгсцэцэг нар тус тус тэргүүлжээ. Эдгээр хүүхдүүд тун удахгүй Улаанбаатар хотноо болох “Уран жиргээ-2017” Улсын уралдаанд оролцох эрхтэй болсон байна. Наадмыг аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудыг дэмжих газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр хамтран зохион байгуулжээ.
Ч.Отгонцэцэг