"Сайн жолооч" уламжлалт тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-12 14:53:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас жил бүр уламжлал болон зохион явуулдаг "Сайн жолооч" тэмцээн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд боллоо.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 5 нийт 23 жолооч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон аж. Сайн жолооч тэмцээн нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, хурд хүч, авхаалж самбаа шаардсан төрлүүдээр зохион байгуулагддагаараа онцлогтой юм. Ингээд авхаалж самбаа, мэдрэмж, гярхай байдал, уран чадвараараа эрэгтэйчүүдээс М.Чинбат, Ц.Бүрэнсайхан, Г.Амгаланбаатар, эмэгтэй жолооч нараас Л.Хишигсүрэн, н.Эрдэнэтуяа, Р.Отгонтуяа нар тэргүүлэн шалгарч ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал хүртжээ. Тэмцээний үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудал, гарч болзошгүй аюулаас жолооч нар хэрхэн сэргийлэх талаар яриа таниулга хийж, 7 төрлийн санамж сэрэмжлүүлэгийг иргэдэд тараан өгч, сурталчилсан аж.

Уг тэмцээнийг Шаамар сумын Дулаанхаан тосгоны Захирагчийн алба, "Дево" жолооны авто сургууль, "Тэс петролум" ШТС-тай хамтран зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻