Хоолны хордлогод орсон хоёр хүүхэд энгийн тасагт шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Мягмар гарагт Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн Дотуур байрны хүүхдүүд хордлого тусч, нэг хүүхэд эндсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Хүчтэй хордлогод орсон хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч уржигдраас Сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжин эмчлүүлж байна.
ЭМЯ, ХӨСҮТ болон Төв аймгий ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгааг хийж, лабораторийн шинжилгээ аваад байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу ирэх Даваа гарагт гарна гэж ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа хэллээ.
Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, гурван хүүхдийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
Хордлогод орж нас барахын өмнө талийгаач дүү нь Х.Нямпүрэв ахдаа "хоолны будаа нь зажлууртай, лууван нь ялзарсан байсан гэж хэлсэн" гэв. Нас барсны дараа дүүгийнх ялгадаснаас ялзарсан лууван их гарсан байсныг ах нь нотолж байна.
Түүний ах Х.Нямпүрэв цааш нь хэлэхдээ "Сургуулийн дотуур байранд өмнө хоолны хордлогын асуудал өмнө гарч байсан ч хүүхдүүд байр, сургуулиа, муулахгүй гэсэндээ нуугаад өнгөрдөг байсан. Хоол хэтэрхий их амтлагчтай болохоор хүүхдүүд Дотуур байрны хоолноос тэр болгон идээд байдаггүй. Өөрсдөө ихэнхдээ гаднаас хоол авч иддэг. Өлссөн үедээ л жаахан иддэг" талаар хэлж байна. Мөн дотуур байрны хүнсний агуулахад нь хулгана, жоом зэрэг амьтад байдаг талаар тэрээр дурдсан юм.
Үүнээс гадна тус сургуулийн эмч хордлогод орсон хүүхдэд унтуулах тариа хийсэн нь буруу байсан гэж түүний гэр бүлийнхэн нь үзэж байна.
Т.Есүхэйтөмөр