Бага Илэнх-Айнек голын хилийн боомтын талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-19 14:39:49
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ОХУ-ын Буриад улс, Закамень аймгийн төлөөлөгчид айлчлал хийлээ.
ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын депутат В.Н.Лыгденов, Буриад улсын Ардын хурлын төсөв санхүү, татварын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга З.Л.Цыбикмитов, Закамень аймгийн дарга С.В.Гонжитов нарын албаны хүмүүстэй Булган аймгийн удирдлага ажил хэргийн уулзалт хийлээ.
Булган аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, Монгол Улс, ОХУ-ын хилийн Бага Илэнх-Айнек голын хилийн боомтын талаар танилцуулж, Булган аймаг, Закамень аймгийн хооронд 2013-2016 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтын хамгийн чухал асуудал нь хоёр улсын хил дээр байдаг Бага Илэнх-Айнек голын хилийн боомтыг нээж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр улсын эрх барих дээд байгууллагадаа уламжлан шийдвэрлүүлэх талаар санал тавихаар тохиролцлоо. Тус боомт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын 1992 оны хэлэлцээрээр байнгын ажиллагаатай байх боомтын жагсаалтад орсон юм. 2009 он хүртэл түр хугацаатай нээгдэж, иргэд зорчиж, мал хөлөөр гаргаж байсан билээ. Энэ боомт нээгдэж, байнгын ажиллагаатай болбол хангайн бүсийн аймгуудын хойд хөрштэй харилцаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
М.Батжаргал
相关新闻