Д.Эрдэнэ-Очир дуурийн олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Оросын алдарт дуучин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын Олон улсын уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлсэн байна. Тэрээр УДБЭТ-ын гоцлол дуучин бөгөөд тенор буюу эр цээл хоолой тийм ч элбэг биш, цойлсон ховор хоолойтой нэгэн юм.
Жүжиглэлт өндөр зэрэгт шаарддаг, хүч тэнхээ, уянга драм аль алийг тэнцүү нэхдэг томоохон дүрүүдийг тов тодорхой гаргаж дуулдаг тенор хоолойтнуудын төлөөлөл болсон гоцлооч Д.Эрдэнэ-Очир дуурийн урлагийн хаад Ж.Вердийн “Трубадур” дуурийн Манрико, Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Каварадосси, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Хозегийн дүрд голлон тоглож, дуулдаг байна.
Мөн Д.Эрдэнэ-Очир Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийн Артуро Баклоу, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн тариачны ахлагч, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн оточ, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн ахмад банди Намнан, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн замын тосуул, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Сайнбилэг, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн дуганч зэрэг олон дүрээ бүтээсэн юм.
Т.Есүхэйтөмөр