Монголын телевизүүд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэн эфирээ зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-27 14:57:32
ЛОНДОН. /Reuters/. Бусдын нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл гаргасан сэтгүүлчдийг хатуу шийтгэх тухай заалтыг холбогдох хуульд нэмж оруулахыг эсэргүүцэн Монголын телевизүүд өчигдөр орой эфирээ зогсоолоо.

Чингис хааны өлгий нутаг гэдгээр нь сайн мэдэх, ердөө гурван сая хүн амтай, Хятад ба Орос гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог Монгол Улс нь  ардчиллын замаар тууштай явсаар ирсэн юм.

1990 онд тайван замаар хувьсгал хийн ардчилсан тогтолцоонд шилжсэн тус улс ашигт малтмалын арвин их баялгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын нүдийг хужирласаар байгаа билээ.

Харин зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарангуйлж, сэтгүүлчдийн амыг хаах хатуу арга хэмжээ авч, сэтгүүлчдийг шоронд хийх гэж байна гэж хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид болон сэтгүүлчид үзэж байна.

Хэвлэл мэдээллийнхний амыг таглах гэж байна гэх мэдээллийг тус улсын Засгийн газар үгүйсгэн няцаагаад “манай улс бол хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон” гэв.

Гэвч бусдын нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд их хэмжээний торгууль ногдуулах тухай нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах асуудлыг Монголын парламент энэ долоо хоногт авч хэлэлцэх гэж байгаа аж.

Өчигдөр орой Монголын 10 гаруй телевиз үүнийг эсэргүүцэн 1 цаг орчмын хугацаагаар эфирээ зогсоож “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэсэн улаан бичгийг хар дэлгэцэн дээр гаргаж, түгшүүрийн харанга дэлдлээ.

Монголын томоохон сонингуудын нэг болох “Өнөөдөр” сонин өнөөдрийнхөө дугаарын эхний нүүрэнд дээрхтэй адил бичиг гаргажээ.

“Globe International” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалын ярьснаар, дээрх хуулийг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад 200 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах бол сэтгүүлчид болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд 2 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах аж.

Х.Наранжаргал “энэ бол эдийн засгийн цензурын нэг хэлбэр. Улс төрчид өөрсдийгөө хамгаалахын тулд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах гэж байна” гэв. Өөрөөр хэлбэл, улс төрчид өөрсдийнхөө талаар сөрөг мэдээлэл гаргахгүйн тулд ийм арга хэмжээ авах гэж байна гэж тэрбээр үзэж байна. /2017.04.27/

/http://www.reuters.com/article/us-mongolia-politics-idUSKBN17T0G8?il=0/

Г.Доржханд
 
 
 

 
相关新闻