The Indian Express: Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн 10 гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Jargal.d@montsame.mn
2025-10-15 16:39:50

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны аравдугаар сарын 15 /indianexpress/. Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх, Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, мөн тус улсын иргэдэд цахим визийг үнэгүй олгох, Ладак болон Монголын нэгэн аймгийн хооронд соёлын харилцаа тогтоох шийдвэрийг Энэтхэгийн эрх баригчид мягмар гарагт гаргажээ.


Энэ талаар Ерөнхий сайд Нарендра Моди болон Энэтхэгт айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтын үеэр тохиролцсон байна. 


Хайдарабадын ордонд болсон хоёр талын уулзалтын дараа Ерөнхий сайд Моди хэлэхдээ, хоёр улс харилцаагаа 10 орчим жилийн хугацаанд стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэсэн гэж мэдэгдэв. Талууд соёлын солилцоо, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагаа , хоршоодыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, геологи ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, мөн иог, Богд хааны өвлийн ордныг засварлах зэрэг чиглэлээр 10 гэрээ байгуулжээ.


Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди  уулзалтын дараа мэдэгдэхдээ, Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манай хоёр улсын хамтын ажиллагаа мөн тасралтгүй бэхжиж байна. Бид сургалтын хөтөлбөрүүд, Элчин сайдын яаманд цэргийн атташе томилох зэрэг хэд хэдэн шинэ санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монгол Улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэлээ.


Тэрбээр мөн “Манай улс Монголын хөгжлийн талбарт хүчирхэг, найдвартай түнш байсаар ирсэн билээ. Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно. Энэ бол Энэтхэгийн 2500 гаруй мэргэжилтэн Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буй дэлхийн хамгийн том хөгжлийн түншлэлийн төсөл мөн" хэмээн онцлон дурджээ.


Түүнчлэн Энэтхэгийн хувийн хэвшлийн байгууллагууд мөн эрчим хүч, чухал ашигт малтмал, ховор элементийн олборлолт, дижитал технологи болон уул уурхайн салбарт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалж байгаа гэж хэллээ.


Буддын шашнаар холбогдсон Энэтхэг, Монгол хоёр улсыг Ерөнхий сайд “оюун санааны хөршүүд” хэмээгээд “Ирэх жил Бурхан багшийн хоёр их шавь болох Сарипутра, Маудгалаяана нарын ариун чандрыг Энэтхэгээс Монгол руу илгээнэ” гэж хэллээ.


Мөн Энэтхэг улсаас Гандантэгчинлэн хийдэд санскрит хэлний багш илгээж, Буддын шашны судар бичгүүдийг гүнзгийрүүлэн судлахад дэмжлэг үзүүлнэ гэв. "Бид нэг сая эртний гар бичмэлийг цахимжуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Наландагийн их сургууль Монголд буддын шашныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр бид Наландаг Гандантэгчинлэн хийдтэй холбох замаар энэхүү түүхэн холбоог бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Н.Моди хэлэв. 


“Ладакийн өөртөө засах бүсийн хөгжлийн зөвлөл болон Монгол Улсын Архангай аймгийн хооронд өнөөдөр байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичиг нь соёлын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө” гэдгийг Н.Моди дурдлаа. Тэрбээр хэлэхдээ “манай хоёр улс олон улсын асуудлуудад хандахдаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурладаг” гэдгийг онцлоод “Бид олон улсын тавцанд ойрын түншүүдийн хувьд хамтран ажиллаж, чөлөөт, нээлттэй, оролцоог хангасан, дүрэм журамд суурилсан Энэтхэг-Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн бид хамтдаа дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолойг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.


Тэрбээр хэлэхдээ, Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Атaл Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв болон Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль нь Монголын залуусын хүсэл тэмүүллийг шинэ түвшинд хүргэж байна” гэж онцоллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ээж бүрийн төлөө нэг мод” санаачилгын хүрээнд талийгаач эхийнхээ дурсгалд зориулан баньян мод тарьжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр улсын харилцаа эртний соёл иргэншлийн итгэлцэл, найрамдлын бат үндсэн дээр тогтдог бөгөөд соёлын нийтлэг өв, ардчиллын үнэт зүйлс, хөгжлийн зорилго өөд хамтдаа зүтгэх эрмэлзэл дээр тулгуурладаг. Хамтын хүчин чармайлтаар бид стратегийн түншлэлийнхээ хүрээг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв. Тэрбээр мөн Энэтхэгийн цэвэр эрчим хүчний салбарт гүйцэтгэж буй тэргүүлэх үүргийг өндрөөр үнэлж, Шинэ Дели тэргүүлж буй “Нарны эрчим хүчний олон улсын эвсэл”-ийг онцлон дурдсан байна. 


Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Зүүн бүсийн нарийн бичгийн дарга П. Кумаран хэлэхдээ “Чухал ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байна… Монгол Улс коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй бөгөөд манай улс Канад, Индонез, Австрали зэрэг олон түнш орнуудаас коксжих нүүрс худалдан авдаг. Энэ хүрээнд Монгол Улс боломжит түншийн хувиар санал болгож байна. Гэвч  Монгол далайд гарцгүй тул нүүрсээ экспортлоход боомт болон хөрш орнуудаас хамааралтай байдагт саад бэрхшээл оршиж байна. Нүүрсний ихэнхийг одоогоор Хятад руу экспортолдог” гэв.


“Хэрэв Энэтхэг Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах бол Хятадын Тяньжин боомт эсвэл ОХУ-ын Владивосток боомтоор дамжуулах шаардлагатай болно. Үүнд эдийн засгийн тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Миний ойлгосноор Оросын чиглэл Хятадынхаас илүү зардалтай. Тиймээс бид Орос, Монголын талуудтай ярилцаж, Монголын нүүрсийг Сибирийг дамнасан төмөр замаар Владивосток хүргэх боломж, эдийн засгийн нөхцлийг судалж байна” гэж тэрбээр хэллээ.

相关新闻