Олимпиадын цомыг дөрөв дэх жилдээ хадгалж үлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-01 15:27:32
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавъяат багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит “Билгийн зул- Монгол бичиг” улсын арав дахь олимпиадад Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургууль тэргүүн байр эзэлж, олимпиадын цомыг дөрөв дэхь удаагаа хадгалж үлдлээ.
Тус олимпиадаас “Хүмүүнлэг” сургуулийн баг 2 алтан медаль, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг зүүж, тусгай байрын шагнал мөн хүртсэн амжилтаар ийнхүү тэргүүлсэн байна. Удаад нь Улаанбаатар хотын “Шинэ монгол”, Төв аймгийн Борнуур сумын сургуулийн баг оржээ.
Дундговь аймгийн багш, сурагчдын амжилтыг тодруулбал, олимпиадын мэргэжлийн багш нарын төрөлд “Хүмүүнлэг” сургуулийн монгол хэл бичгийн багш Д. Отгонсүрэн, 11 дүгээр ангийн төрөлд тус сургуулийн Б. Балжинням, 12 дугаар ангийн төрөлд Х. Нэргүй нар тэргүүн байрыг тус тус эзэлсэн байна.
Мөн 9 дүгээр ангийн төрөлд Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн сурагч А. Шүрнээ тэргүүн байр, “Хүмүүнлэг” сургуулийн  сурагч Э. Сувд тусгай байр, 10 дугаар ангийн төрөлд “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Ж. Бунъяа тусгай байр, 11 дүгээр ангийн төрөлд “Хүмүүнлэг” сургуулийн Л. Лувсаннамжил мөнгөн медалийг тус тус хүртжээ.
Олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагчид өнөөдөр шагналаа гардан авсан байна.
 
Т. Отгонтуяа
相关新闻