Жүдо бөхийн тэмцээнийг Женко клубын баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-01 16:20:54
Хөвсгөл /МОНЦАМЕ/Хөвсгөл аймагт Монгол Улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатарын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн 2017 оны улсын аварга шалгаруулах  тэмцээн боллоо. Тэмцээнд хөвгүүдийн 30, охидын 21 баг оролцсоноос нийлбэр дүнгээр Женко клубын баг тэргүүлэв.
Тэмцээний нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар оролцсон бөгөөд хөвгүүдээс багийн дүнгээр Женко клуб, Хэнтий, Булган аймгийн багууд эхний 3 байрыг эзэлсэн бол охидоос багийн дүнгээр Женко клуб, Жүдо академи, Хөвсгөл аймгийн багууд эхний 3 байрыг эзлэв.
Шагналыг дэлхийн 5 удаагийн аварга алдарт тамирчин МУГТ Г.Жамсран, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга нар гардууллаа.
Тэртээ 1987 онд анхлан зохион байгуулагдсан энэхүү тэмцээний анхны аваргуудаар 53 кг-д С.Хүрэлбаатар, 56 кг-д Маралгэрэл, 60 кг-д П.Ууганбаатар, 65 кг-д Ө.Рагчаасүрэн, 71 кг-д А.Буянжаргал, 78 кг-д Ц.Бэгзсүрэн, 83 кг-д Ганхүү, +83 кг-д Хөвсгөлийн Я.Адьяасүрэн нарын ирээдүйн мастерууд аварга болж байсан бол энэ удаагийн тэмцээнд анхны аварга Ө.Рагчаасүрэн шүүгчээр ажиллажээ.
Б.Гантуяа 
相关新闻