Маргаашийн номын баяраар МОНЦАМЭ агентлагийн бүтээлтэй танилцаарай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд номын баяр болдог. Энэ жилийн номын баярт МОНЦАМЭ агентлаг өөрийн нэрийн асраа барьж, зохиолчдынхоо ном бүтээл, орос, хятад, япон, англи, худам монгол хэлээр долоо хоног тутам гардаг сонин, сэтгүүлээ уншигч олондоо толилуулах гэж байна.
Тус агентлагийн дарга, МУСГЗ, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн шүлэг, нийтлэлийн ном, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ж.Батсайхан, МУСТА, " Хүмүүн бичиг" сониныг эрхлэн гаргагч Б.Элбэгзаяа, тоймч, залуу яруу найрагч " Болор цом"-д шүлгээ сойгч Б.Алтанхуягийн шүлэг, өгүүллэгийн ном тавигдахаар боллоо.
Тиймээс ном, хэвлэлийн хорхойтон хэн байлаа ч "Дэлхийг Монголд, Монголыг Дэлхийд" таниулагч МОНЦАМЭ агентлагийн бүтээгдэхүүнүүд, энд ажиллагч зохиолч, найрагч, сэтгүүлчдийн бүтээлээс үзэж амтлаад, ганзага, халаасандаа багтаан авах боломжтой. Номын баяр 5 дугаар сарын 12, 13-ны өдөр гарна.
Мөн энэ үеэр Монголын олон зохиолчийн бүтээл тавигдах юм байна.Тэр дунд тодрон асарлагч "МОНЦАМЭ " гэсэн танил нэр хаягтай асарт морилоорой.
Ж.Батсайхан