Хуучин хоёр өрөө байрны үнэ өнгөрсөн оноос 9.31 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-11 17:55:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Орон сууцны үнийн индекс  өнгөрсөн 4 дүгээр  сарын байдлаар  өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар буурсан хэмээн “Тэнхлэг зууч” компанис мэдэгдлээ.


Тус компани Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийн судалгааг сар бүр гаргадаг бөгөөд дөрөвдүгээр сард  үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн дүнтэй гарчээ.Зах зээлд нийлүүлсэн хуучин орон сууцны үнэ  өссөн нь орон сууцны үнийн индекс бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.  
 
Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ 2 сая 29 мянган төгрөг болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.18 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 72 сая 546 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.31 хувиар буурчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.

Дээрх судалгааг шинэ, хуучин 4955 орон сууцны үнэд суурилан гаргасан байна.
 Б.Заяа
相关新闻