Бетонон гүүрийн суурь эвдрээгүй гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-15 15:25:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсоноор мянганы замын босоо тэнхлэгийн дагуух авто замын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дахь бетонон гүүр эвдэрсэн. 
Гүүрийг хэзээ засварлах талаар “Дорноговь АЗЗА” компанийн инженер н.Эрдэнэбаатараас тодруулахад “Бетонон гүүр болон авто зам хоёрыг холбож байдаг дамжих хавтангийн хучилт нь бага зэрэг эвдэрсэн байдалтай байгаа. Бид ЗТЯ болон улсын Мэргэжлийн хяналтын байцаагчдын бүрэлдэхүүнтэй багийг урьж гүүрийн нөхцөл байдлыг танилцуулж, газар дээр нь үзүүлж  дүгнэлт гаргууллаа.
Албаны хүний хэлж буйгаар гүүрний суурь хэсэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэл,  өөрчлөлт гараагүй, хэвийн байна. Гүүрийг  ашиглаж болно гэж хариу өгсөн. Харин дээд  талын хучилтын хэсгийн эвдрэлийг манай компани удахгүй засварлана” гэв.
Дулааны улирал эхлэхэд авто замын  хучилтын хийц гэсэж, суулт өгдөг байна. Тиймээс тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд засмал замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хууль хэрэгжүүлэх үүднээс цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын хамтарсан байнгын постыг ажиллуулж байсан.
  Х.Эрдэнэбулган
相关新闻