Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн байгаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-16 18:02:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн сүлжээ буюу Фейсбүүкт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр, зургийг ашиглан Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны талаар ташаа мэдээлэл тараасан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдэгдэл гаргав.

Уг мэдэгдлийг Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил олон нийтэд танилцуулав.

Мэдэгдэлд, “Олон нийтийн сүлжээгээр ХХБ дампуурлаа зарлана хэмээн худал мэдээлэл тарааж, арилжааны банкны нэр хүндэд халдсан байна. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээгээр арилжааны банкуудын нэр хүндэд халдаж байгаа зохисгүй үйлдлийг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Монголбанк нь арилжааны банкны актив ангилал, зохистой үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Иймээс ХХБ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган, хэвийн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, “Банк бол харилцагчдын итгэлцэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс иргэдийг энэ мэт худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад байгууллагууд арилжааны банкуудтай холбоотой аливаа сөрөг мэдээллийг түгээхдээ эхлээд тухайн банкнаасаа үнэн эсэхийг нь тодруулж байхыг уриалж байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻