“Ариун хаврын тахилга” этно балетыг шинэ найруулгаар тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-17 09:11:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут бүтээл "Ариун хаврын тахилга" этно балетыг энэ сарын 19-нд тайзнаа дахин тоглоно.

Энэхүү балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болсон юм.

Уг балет "Газар шороогоо үнсэх нь", "Агуу их тахилга" гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн "Эхлэл хэсэг"-т хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслол ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн "Агуу их ариун бүжиг"-ээр төгсөнө.

Энэхүү балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй "Хангарьд" үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм. Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА авьяаслаг бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУУГЗ удирдаач Н.Туулайхүү "Хангарьд" үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.

Тасалбар нь 12 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Ж.Болор
相关新闻