УДБЭТ “Дэггүй Лиз” шинэ бүжгэн жүжгийг тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-22 17:15:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын 54 дэх улирлын шинэ уран бүтээл Ф.Херольдын "La Fille Mal Gardee" /Муу хамгаалагдсан охин/ буюу "Дэггүй Лиз" бүжгэн жүжгийг тавих гэж байна.

Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.

Гол дүрүүдэд Лизэд СТА Б.Саруул, О.Анужин,  Коленд СТА А.Эрдэнэболд, Симонад МУГЖ Х.Мөнгөнхөлөг, СТА Э.Эрдэнэжаргал Аленд М.Нямтайван, Т.Хан-Очир, Томасд СТА Х.Чойжилсүрэн нар тус тус бүтээх юм.

Тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин өөртэй нь суулгахаар тохирсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа хамт амьдрахыг мөрөөднө. Симона хатагтай Лиз охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох алс ирээдүйн  хүмүүжилд нь эерэгээр нөлөөлнө хэмээн уран бүтээлчид хэлж байна.

Нээлтийн тоглолт энэ сарын 27, 28-нд 17.00 цагаас болно.
Ж.Болор
 
相关新闻