Төсвийн тодотгол баталсан өдрөөс дэд сайдуудыг цомхотгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-28 18:52:39

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ард иргэдийн амьдрал хэцүү болсон энэ үед суурь бүтээгдэхүүнүүдийн үнийг бууруулах бодлого барих нь зөв. Гэтэл Онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 40 ам.доллар бол 60 орчим хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, нефтийн үенийг 1600 төгрөгт барих боломжтой гэсэн үг. Энэ талаар Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр ярьсан уу хэмээн асуусан. Уг асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд өргөн барьснаар нь дэмжих нь зөв гэж үзсэн. Засгийн газраас цаашдаа бүс бүрт өөр өөр байдаг нефтийн үнийг ижил түвшинд барих чиглэлээр ажиллана гэсэн тайлбар өгсөн” хэмээн хариулав.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид, “Дэлхийн зах зээл дахь нефтийн үнэ ирэх онд 13 орчим хувиар өснө гэсэн тооцоолол гарсан. Тиймээс гадаадын хүчин зүйлсээс шалтгаалан дотоодын шатахууны үнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Дэд сайд нарыг хэзээ цомхотгох вэ хэмээн тодруулав. Дэд сайдын орон тоог 2015 оны төсвийн тодотгол баталсан өдрөөс эхлэн цомхотгохоор төсөлд тусгасан хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хариуллаа.

Гишүүд асуулт асуусны дараа Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулав.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, "2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авсан. Уг хуулийн төсөлд тусгасан байсан дэд сайдуудыг цомхотгох заалтыг тусгайлан хууль болгон хэлэлцүүлэх саналыг Төсвийн байнгын хороо гаргаж, Ажлын хэсгээс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан" хэмээв.

Байнгын хороо болон Ажлын хэсгээс хуулийн төсөл боловсруулах нь УИХ-ын дэгийн тухай болон бусад хуультай зөрчилдөх эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулав.

ЗГХЭГ-ын дарга “Бид энэ хуулийн төслийг шинээр боловсруулах боломжтой гэж үзсэн ч энэ нь ихээхэн хугацаа шаардах тул Ажлын хэсгээс хуулийн төсөл боловсруулахаар тогтсон" хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын Тамгын газраас УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан. Энэ нь бусад хуультай зөрчилдөхгүй" гэсэн тайлбар өгөв. Ийнхүү уг хуулийн төслийг төсвийн тодотголтой хамт хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.

Ч.Ариунболд

相关新闻