Цогт хун тайжийн талбайд “Номын нээлттэй өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-26 21:32:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан “Номын нээлттэй өдөрлөг”-ийг Цогт хун тайжийн талбайд зохион байгуулж, 1000 гаруй уншигч, иргэд, хүүхэд багачууд оролцож, үзэж сонирхлоо.
-Номын сангийн үндсэн фондноос 11 төрлийн шинжлэх ухааны номын болон хүүхдийн уран зохиолын номын үзэсгэлэн, Монгол ардын тоглоом наадгай сурталчлах, хамгийн жижиг ном, хамгийн том ном, хамгийн их элэгдсэн номыг танилцуулах булан гаргаж сонирхууллаа. Мөн ном хандивлах, солилцох, гэрээр ном олгох үйлчилгээ ажиллууллаа. “Ном хандивлах, “Номоо солилцох” хөдөлгөөн өрнүүлэн 10 гаруй хувь хүн, байгууллага, 30 гаруй хүүхэд ном солилцох арга хэмжээнд оролцлоо гэж аймгийн төв номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Ц.Цэндмаа ярьлаа.
Шинэ номын худалдаагаар 30-аад ном зарагдсаны ихэнх нь хүүхдийн уран зохиол байсан байна.
Идэвхтэн уншигчдаас “Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн” шагналаар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Буян-Ундрахыг шагналаа. “Уран яруу уншигч”-аар Л.Шийравданба, С.Хонгорзул, Д.Ган-Эрдэнэ, “Үр дүнтэй уншигч”-аар Э.Рэгзэдмаа, Х.Чулуунчимэг, Б.Дэлгэрмандах, “Бүтээлч уншигч”-аар С.Ганбат нарыг шалгарууллаа. Эдгээр сурагчид “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7 В ангийнхан юм.
“Номын нээлттэй өдөрлөг”-өөр хүүхдийн зохиолч, яруу найрагч Ц.Чинбат агсны нэрэмжит “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт, “Хүүхдийн зохиолч Ц. Чинбатын дуу шүлгийг хэн сайн уншиж, дуулах вэ” уламжлалт уралдааныг “Аарцны чулуу сан” ивээн тэтгэж зохион байгууллаа.
М.Батжаргал
相关新闻