Нутгийн удирдлагын ордноо иргэдэд үйлчлэх төв болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-02 09:58:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын шинэ ордны нээлт болж, аймгийн удирдлагууд “шинэ барилга албан контор биш, иргэдэд үйлчлэх төв” хэмээн хэллээ.
Аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага 80 жилийн түүхэнд дөрвөн удаа буур сэлгэж, шинэ ордонд орж байгаа нь энэ юм. Анх 1938 онд Тамгын толгой гэдэг газар 2 гэртэй аймгийн Яам байгуулагдаж байснаас эхлээд 1946, 1993 онуудад шинэ барилга болон хуучин үйлдвэрлэлийн зориулалтаар баригдсан барилгыг засварлаж төрийн үйлчилгээгээ хэвийн явуулж ирсэн түүхтэй юм.
Нутгийн удирдлагын шинэ ордон буюу иргэдэд үйлчлэх төвийн дөрвөн давхар барилгыг “Түмэн алт” ХХК барьж, зөвхөн төв албан конторын хэсгийг нь ашиглалтад оруулсан юм. Барилгын үлдсэн хоёр жигүүрийн нэгийг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Шинэ барилгын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, нийслэл, Орхон аймгийн удирдлага, Улаанбаатар, Орхон аймаг дахь нутгийн зөвлөл, аймгийн захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудын  төлөөлөл оролцлоо.
Булган аймгийн нутгийн удирдлага дөрвөн удаа “гэрээ” сольж, дөрвөн давхар орчин үеийн шинэ ордонд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа нь энэ юм.
М.Батжаргал
相关新闻