Архангай аймаг эртний түүх соёлын дурсгалуудаараа алдартай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-08 12:32:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хөгжлийн хөшүүргийн нэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгуудаараа, Монгол малч ахуйгаараа, уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Аялагчдын сонирхолыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудыг өмнө уншигч та бүхэнд хүргэж байсан. Энэ удаад түүхийн гайхамшгуудаасаа түүвэрлэн танилцуулья.



1.    Гол мод – 1 /Хайрхан сум/
Хайрхан сумын Бөхөн шарын нурууны ар бэлээс олдсон “Гол мод”-ны булш нь НТӨ-II НТ-I зуунд хамрагдах дурсгал гэж үздэг. Төв Азийн анхны төрт улс Хүннүгийн хаад язгууртнуудын булшнаас хамгийн том нь “Гол мод”-ны булш юм. Хүннүгийн үед нас барсан хүнээ 2,5-18 метр хүртэл гүнд хоёр давхар тусгай дүнзэн бунхан доторх модон авсанд оршуулдаг байжээ. Энэхүү дурсгалт газар нь Хүннүгийн язгууртны булш, бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйл, аж ахуй, эд өлгийн болон оюуны соёлын олон талт асуудлыг харуулсан ач холбогдолтой юм. 1998 онд улсын хамгаалалтанд авсан байдаг.



2.    Гол мод – 2 /Өндөр-Улаан сум/
Өндөр-Улаан сумын Бугатын нурууны ар хормойд оршдог “Гол мод -2” байдаг. Энд баруунаас зүүн тийш 2 км, урдаасаа хойш 1 км орчим талбайд 433 булш, түүхийн дурсгал багтсан байдаг. Дурсгалт газрын булшны хэмжээний хувьд ч, тооны хувьд ч Евро-Азийн тал нутгаас өнөөг хүртэл олдоод байгаа Хүннүгийн язгууртны булштай дурсгалуудын хамгийн том нь гэж үздэг байна.



3.    Хар балгас /Хотонт сум/
Архангай аймгийн нутаг дэвсгэр дээр эртний хотын туурь, хэрэм, балгас цөөнгүй бий. Хотонт суманд “Хар балгас”, “Дойтын балгас”, “Цагаан сүмийн балгас” зэрэг эртний хотын балгасууд байдаг. Сумын төвөөс зүүн зүгт Орхон голын хөндийд Уйгарын хаант улсын нийслэл “Орду-Балык” гэдэг хотын туурь байдаг. Нутгийн ардууд “Хар балгас” гэж нэрлэдэг. Балгасын цайзат хэрэмний хана туурга их нурсан боловч цайз нь одоогоор 10 гаруй метр өндөр байна. 1971 онд улсын хамгаалалтанд авсан байдаг.



4.    Хар хул хааны балгас /Эрдэнэмандал сум/
Эрдэнэмандал суманд “Хар хул хааны балгас”, “Цоргын дөрвөлжин хэрэмт туурь” зэрэг хэрэм, балгас байдаг. Сумын төвөөс баруун урагшаа Хануйн голын урд хөндийд “Хар хул хааны балгас” нэртэй том туурь бий. Барьж байгуулсан хугацаа нь тодорхойгүй байдаг. XIII, XVII зууны үед дахин сэргээх үйл явц явагдсан гэж археологичид тэмдэглэсэн байдаг. 1998 онд улсын хамгаалалтанд авчээ.



5.    Билгэ хааны гэрэлт хөшөө /Хашаат сум/
Хашаат сумын нутаг дэвсгэрт Культегиний гэрэлт хөшөөнөөс зүүн урагш 500-аад метрийн зайд 735 онд Билгэ хааныг нас барснаас хойш нэг жилийн дараа түүний дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгосон байдаг. Энэ хөшөөнд эртний Түрэг, Согод, Нанхиад хэлний бичээсүүд бий. Хөшөөний өндөр нь 3,45 метр, 1,75 метр өргөн, 75 см зузаан бөгөөд өргөн талдаа 41, хажуугийн хоёр захад тус бүр 15 мөр үсэгтэй. Энэхүү гэрэлт хөшөөний бичээс нь дэлхий дээрх Түрэг бичгийн зургаан том дурсгалын нэгэнд ордог бөгөөд Монгол нутаг дахь Түрэг бичгийн дурсгалуудын хамгийн том нь юм. 1961 онд улсын хамгаалалтанд авсан.



6.    Культегин жанжны гэрэлт хөшөө, бичээс /Хашаат сум/
Хашаат сумын төвөөс 18 км зайд орших “Хөшөө Цайдам”-ын музейд VIII зууны Түрэг улсын их хаан Билгэ, цэргийн жанжин Культегиний гэрэлт хөшөө бий. Культегинийг нас барснаас жилийн дараа буюу 732 онд түүний дурсгалд зориулж тахилгын сүм барьж 3,33 метр өндөр, 1,32 метр өргөн, 46 см зузаан чулуугаар гэрэлт хөшөө босгожээ. Судлаачдын бичсэнээр уг хөшөөний оройг эвхэрсэн хоёр луугаар чимж, хөшөөний урьд ба хоёр хажууд руни бичгээр Түрэгийн төр улсаа анх байгуулснаас эхлэн VIII зууны эхний хагас хүртэлх түүх, Культегиний төрийн хэрэгт орж, аймаг, улс гүрнийг дайлан эзэлсэн зэрэг үйл явдлыг бичсэн байдаг. 1961 онд улсын хамгаалалтанд авсан.



7.    Гэсэр ламын бунхан /Цахир сум/
Түүх соёлын гайхамшгуудийн нэг нь Архангай аймгийн Цахир суманд байх Гэсэр ламын бунхан юм. Гэсэр ламтан Цэвээн-Арашийн Чүлтэмжамц 19-р зууны буюу 15-р жарны эхээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, эдүгээгийн Архангай аймгийн Цахир сумын нутаг хойт Тэрхийн эх Очирхайрхан уулын хормойд эрдэнийн бумба мэт товойх "Алтат толгой"-д эхээс мэндэлж 80 гаруй насны сүүдэрт жанч халсан байдаг. Гэсэр багшийг Жагарын орны 80 шидтэнгийн нэг Вандан Сарайхын хойд дүр юм хэмээдэг.  Өвгөн Гэсэр лам таалал төгсөхийнхөө өмнө "Намайг таалал төгсөхөд миний бие цогцосыг Хөх нуурын Содномдаржаа уулын дундах оноон дээр онголж нутаглуулуурай. Би олон түмнийхээ тусын тулд 108 оноог хааж бие цогцосоороо ямар нэгэн муу юм /Улаан албины шийдэл/-ыг хааж, үеийн үед хамгаалж байх болно” гэж захиж гэрээсэлсний дагуу тэр их өндөрлөг газар занданшуулж нутаглуулсан гэдэг. Дараа нь тэр газар нь баруун дотны шавь Тариатын хүрээний цорж Санжжав аграмбыг мөн занданшуулж бунхалсан байдаг. Одоо гадна, дотны жуулчдын зорьж очдог газрын нэг болжээ.

Б.Гэрэлт-Од
相关新闻