Австри-Монголын хөгжмийн фестивал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-06-09 11:19:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яамны соёлын форум энэ жил Гёте хөгжмийн танхим, Гёте институт, Монгол Улсын Филармони, Жазз клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран “Австри-Монголын хөгжмийн фестивал”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна.

Фестивалийн хүрээнд энэ сарын 11-нд буюу ирэх ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох юм. Энэ өдөр UB Jazz Club-т чөлөөт тоглолт /Жэм сэйшн/ толилуулахаар төлөвлөжээ. 

Харин маргааш нь Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер манай Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирэх юм.



Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Австри, Монгол хоёр орон хөгжмийн салбарт хамтын ажиллагаатай байдгийг энэхүү хөгжмийн фестиваль харуулж байгаа юм. Мөн энэ сарын 11-14-нд Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ.
 
Д.Өлзий
相关新闻