Австралийн түлэгдэлтийн чиглэлийн эмч нарын баг Хөвсгөлд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-12 09:58:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантриг ажиллах үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хүүхдийн түлэгдэлтийн чиглэлээр эмч мэргэжилтний багийг энэ онд Хөвсгөл  аймагт ажиллуулахаар тохиролцлоо. Түлэнхийн дараах сорви, гэмтэлтэй хүүхдүүдэд мэс заслыг 2016 онд үнэгүй хийж өгч байсан бол үйл ажиллагаагаа ийн улам өргөжүүлэхээр болжээ.
Ингэснээр төрөлхийн болон олдмол гэмтэл, согогтой өвчтөнүүд шаардлагатай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрдэх юм. Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж  Ж.Лантрид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт айлчлан, түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах хагалгаанд хүүхдүүдийг хамруулж эмнэлгийн тусламж үзүүлж, мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ манай эмч, мэргэжилтнүүдэд зааж сургахад нь дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа  илэрхийлж байв.
Цаашид Австралийн эмч нартай  хамтран ажиллаж, хүүхдийн түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Элчин сайд Ж.Лантри эрүүл мэндийн  салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ онцолж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻