“Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-06-13 09:25:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр” зургадугаар сарын 17-нд тохиох бөгөөд энэ жил НҮБ-аас “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэхээр зарласан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ өдөр “Газрын доройтлыг бууруулъя” уриан дор зохион байгуулсан гар зураг, видео бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж,  цөлжилтийн эсрэг мод тарина.
Мөн зургадугаар сарын 15-нд  БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Ногоон хэрэм” төсөл хамтран цөлжилтийн эсрэг Монгол, Солонгос эрдэмтдийн хурлыг зохион байгуулна. Уг арга хэмжээнд НҮБ-ын суурин төлөөлөгч тэргүүтэй олон улсын зочид оролцох юм.



Цөлжилт нь нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.  Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.

Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн төвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод байгаа юм. Монголын орны нийт газар нутгийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл бий.  Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал  хүчтэй нөлөө үзүүлж байгааг судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулж Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байгаа.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан. БОАЖЯ-наас 2030 онд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг  хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Д.Өлзий
相关新闻