Дарва Бандида гэгээнтний хойд дүрийг арслант ширээнд зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-06-13 13:10:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Бурхан багшийн 16 шавийн нэг Дарва Бандида гэгээнтний хойд дүр болох Данзанчойжилодой хувилгаанд “Бат Оршил” өргөх, Хөвсгөл аймгийн бурхан шашны тэргүүнээр өргөмжлөн арслант ширээнд залах ёслол энэ сарын 16-нд Мөрөн хотод болно. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчилэн” хийдийн Дашчоймпол дацангийн гавж С.Гантөмөр мэдээлэл хийлээ. 

Дарва бандида гэгээнтнийг тодруулах санаачилгыг Мэргэн гүний хошууны ноён Гомбожавын төрлийн хүн болох гавьяат эмч Т.Тамир санаачлан Далай ламд өөрийн биеэр бараалхаж удаа дараалан айлтгаж байжээ. Энэхүү хүсэлтийг Далай лам хүлээн авч сайтар тунгаан нягталсаны дүнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг буюу хуучны Мэргэн гүний хошууны Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамцыг мөн хэмээн бошиг лүндэн хайрлажээ. Улмаар 2013 оны зургадугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант суманд хутагтын ширээнд өргөмжилсөн байна. Үүний дараа буддын шашны боловсрол олгохоор уламжлалын дагуу Төвдийн алдарт гурван их дацангийн нэг Сэрад морилж, уншлагын эрдэмд боловсрохын зэрэгцээ судрын ёсны буюу чойрын таван ботийн эхний ботийг үзэж судалжээ.
Харин энэ жил гэгээнтнийг нутагтаа морилох үеэр Хөвсгөл аймгийн бурхан шашны тэргүүнээр өргөмжилж сэнтийд залах, “Бат Оршил” өргөх ёслол болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХ, Гандандаржаалин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр Өмнөд Энэтхэгийн Жүддо дацангийн алдарт Жадо Ринбүүчи болон Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчилэн” хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуваргууд айлчилж, сүсэгтэн олонд ном айлдах аж.

Номын арга хэмжээний хөтөлбөр:
  • 06.16 Гэгээнтнийг сэнтийд нь залж, Бат Оршил өргөх ёслол
  • 06.17 Жадо Ринбүүчи лам хуварга, сүсэгтэн олонд "Мөрийн гурван эрхэм" номыг айлдаж Гүнрэг бурханы авшиг хүртээнэ.
  • 06.18 Жадо Ринбүүчи Потидын лүн, Сэндом, Равданлхам сахиусуудыг даган соёрхол хайрлана.
  • 06.19 Жадо Ринбүүчи Насны авшиг хүртээнэ.

Ард иргэд сүсэгтэн олон, лам хуврагууд, Хөвсгөл аймгийг зорих жуулчид, зочид төлөөлөгчдөд шашин соёлийн их ёслол, хүндэтгэлийн түүхэн үйл ажиллагаанд оролцох боломж нээлттэй аж.
М.Жавзмаа

相关新闻