Хөвсгөлийн Цусны салбар төв цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-14 15:59:58
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймагт Дэлхийн цусны өдрийн хүрээнд донорууддаа хүндэтгэл үзүүлэн, цусаа бэлэглэснээр амьдрал бэлэглэдэг тухай мэдээ мэдээллийг ар иргэддээ өгч энэ өдрийн хүрээнд олон арга  хэмжээг зохион байгуулав. Тус аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхитэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд гэнэ. Хөвсгөл аймгийн цусны салбар төв Азийн хөгжлийн банкны "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5" төслийн хүрээнд барилгын засвар үйлчилгээ хийгдэж, 59 нэр төрлийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслэлээр хангагдсан жишиг цусны салбар төв болсноор аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөхцлөх боломж бүрджээ. Тус хамт олон өнгөрсөн онд 295 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэн иргэддээ хүргэж ажлын үзүүлэлтээрээ улсад шилдэгээр шалгарчээ. Жишиг цусны салбар төв болсноор орон нутагтаа 4 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэсний төвд үйлдвэрлэдэг 8 төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагт хийх боломж бүрджээ. Ингэснээр жилд 350 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч М.Батсайхан хэлж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻