Эдийн засгийг сэргээх хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-14 17:03:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч, орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өнжлөө. Уул уурхайн салбар экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байгаа юм.

Өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар болон уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниуд оролцож үйл ажиллагаагаа сурталчлав.

Энэ үеэр Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, “Шинэ Засгийн газар байгуулагдаад  жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засагт уул уурхайн салбараас орох орлого болон үйлдвэрлэлийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Улмаар уул уурхайгаас олсон орлогыг бусад салбартаа оруулж үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засгаа солонгоруулна гэсэн гаргалгааг Засгийн газраас хийсэн. Түүнчлэн гадны өрийг барагдуулахад уул уурхайн салбарын оролцоо чухал. Тиймээс томоохон ордуудыг хөдөлгөх, 2016-2020 онд Засгийн газраас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийг сэргээх чиглэлээр хэд, хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн.  Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэхээр ажиллаж байгаа. Улмаар эрх зүйн зохицуулалт талаас нь хийх хэлэлцээрийн шатандаа ажил өрнөж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ингэхийн тулд салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын  эрх ашгийг хамгаалах төсөл хэрэгжүүлэх суурь хөрсийг нь бэлдэх ёстой” хэмээн тодотгосон.

Газар нутгийн  20 гаруй  хувийг  эдийн засгийн эргэлтэд оруулах, замбараагүй уул уурхайн асуудлыг  цэгцлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй компаниудад хариуцлага тооцоход салбарын яам анхаарч буйгаа дуулгав.

Энэ онд Засгийн газраас 6 тэрбум ам.доллараар уул уурхайн салбарт томоохон дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр зэхэж буй юм. Тодруулбал хүнд үйлдвэрийн салбарт Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, “Газрын тос боловсруулах үйлдвэр”, Зэс баяжуулах үйлдвэр, Дархан Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Энэ тухай өдөрлөгийн үеэр иргэдэд танилцуулж байв.




“НҮҮРСНЭЭС НИЙЛЭГ БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР” БАРИНА

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis” төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг компани гүйцэтгэжээ. Дээрх  төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх аж. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих бөгөөд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөгөөр босгоно.
Түүнчлэн дээрх төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан байна. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80-аас багагүй хувиар бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм байна.
 
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР БУУРНА

Манай улс БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт тус үйлдвэрийг барих юм.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.



Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой аж. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм байна. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, хими цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
 
ЖИЛД 350 МЯНГАН ТОНН ГАН ТУЙВАН, ГАН БӨМБӨЛӨГ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Дархан Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ярьж байна. Тус  цогцолборыг  Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Дархан Уул аймагт байгуулахаар болсон.
Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын ган цувимал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, валютын гадагшлах урсгалыг багасгах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дээрх төсөл ач тусаа өгнө гэдгийг салбарын яамнаас онцолсон. Дархан Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулснаар жилд 350 мянган тонн ган туйван, ган бөмбөлөг үйлдвэрлэхээс гадна дагалдах 500 мянган тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих тооцоог гаргажээ.



Төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Канад улсын “Hatch”компани, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Монголын “Экотон” компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийг 800 сая ам. доллараар барих тооцоо гарсан байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻