“Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” аянд нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-19 13:35:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ятга хөгжмийн хосгүй төлөөлөгч, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн гэр бүл, найз нөхөд нь  “Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” сайн үйлсийн  аяныг орон даяар эхлүүлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл энэхүү аянд Монголчуудаа нэгдэхийг уриалан өнөөдөр УДЭТ-ын тайзнаа хэвлэлийн хурал хийлээ.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нь ходоодны хорт хавдрын III шатанд орж, БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Түүний эмчилгээний зардалд 240 сая төгрөг нэн шаардлагатай бөгөөд уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөхийг хүссэн юм.
 
Энэхүү аяны хүрээнд энэ сарын 30-нд “UB palace”-д рок поп хамтлаг, дуучдын нэгдсэн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн "Бид Монголчууд" нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд ирэх сарын 1-нд тус тус болох юм. 

Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав хэлэхдээ, “Дэлхийн хэмжээнд үндэсний хөгжмөө таниулж ая эгшгээ цуурайтуулж, ард түмэндээ танигдсан уран бүтээлч бол ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ билээ. Тэрээр 2001 онд Малайз улсад болсон дэлхийн хөгжмийн наадамд өөрийн бурхан болсон багшдаа зориулан бичсэн "Дурсамж" зохиолоо тоглоход нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжилсөн нь бий. Авьяаслаг уран бүтээлчид маань тохиолдсон зовлон бэрхшээлийг даван туулахад туслахаар монголын уран бүтээлчид нэгдэж байна. Бидний хамтарсан тоглолтыг үзэж, түүнд сэтгэлийн хандив өргөхийг ард түмнээсээ хүсч байна” гэв.

“Бид Монголчууд” нэгдсэн тоглолтын найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, Үндэсний Урлагийн Их театрын ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар нар тус тус ажиллах бол Рок попын нэгдсэн тоглолтыг хөгжмийн зохиолч, продюссор Б.Чинбат, Н.Халиун нар найруулж байгаа аж. 
 
Хандивын тоглолтод УДЭТ, Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/, УДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, язгуур урлагийн Хөсөгтөн, Бөртэ, Алтай, СУИС, ХБК, Ардын жүжигчин Д.Самбуу, А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар, Г.Эрдэнэбат, У.Далантай, Д.Дашдондог, Б.Чинбат, Эмошн, Никитон, Хурд, Нюанс, Увертюра, Дэлхий, Жаз трейн хамтлаг, дуучин Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Ө.Цэрэнчунт, Э.Болормаа, Х.Батмэнд, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа нарын уран бүтээлч ая дуугаа өргөх юм.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нь Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэг тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол хөгжмийн гайхамшиг, уран бүтээлчийн чансааг дэлхийд гайхуулж яваа ховорхон уран бүтээлч юм. Тэрбээр дэлхийн олон оронд зохион байгуулсан "Монголын соёлын өдрүүд", "Алтан намар" хөгжмийн наадам, ОХУ, Узбекистанд болсон олон улсын уралдаанд амжилттай оролцож, шүүгчдийн нэрэмжит болон тусгай шагнал хүртэж байв. Мөн 2013 онд БНХАУ-д 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй "Хос эрвээхий" бүтээлийг тоглож, гадаад дотоодын үзэгчдийн хайр хүндэтгэл, баяр талархлыг хүлээсээр байна.

Хэвлэлийн хуралд урлаг соёлын төлөөлөл, мэргэжил нэгт уран бүтээлчид болон сайн үйлсийн аяныг зохион байгуулагчид оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻