Импортыг орлох, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-23 12:03:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжийг дэмжих “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.

Тодруулбал Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд дээрх хөтөлбөрийн зорилго чиглэж буй аж.

Улмаар хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэр, хоршоодын нарийвчилсан судалгааны үндсэн дээр байнгын ажлын байр бий болгож, байгальд ээлтэй, эко үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Мөн гадаад дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийг хамгаалж, төсвийн худалдан авалтаар дэмжин, гадаадын хөрөнгө оруулалт болон санхүү, зээлийн бодлогоор дэмжинэ гэдгийг албаныхан онцлов. 

Дэд хөтөлбөр боловсруулахтай холбоотой 100 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг явуулсан байна. Уг хэлэлцүүлгээс гарсан бизнес эрхлэгчдийн саналыг хөтөлбөрт тусгажээ. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар дээшлэн, гадаад дотоодын хэрэглэгчдэд тэргүүн ээлжинд хүрэх “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно. Ингэснээр импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэсэн хүлээлт байна.
 
Б.Заяа
相关新闻