Овоонд мөнгө өргөхгүй байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-28 14:48:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбараас иргэдийг уул овоонд төрийн сүлдтэй мөнгөн тэмдэгт өргөхгүй байхыг уриалж Бүрэнтогтох сумын нутагт байрлах Хядагын рашаан дээр иргэдэд зориулсан самбар байршууллаа. Сүүлийн үед иргэд мухар сүсгээр гүйлгээний хэрэгсэл болсон мөнгөн тэмдэгтийг уул овоонд өргөсний улмаас мөнгөн тэмдэгт гандаж урагдан дахин хэрэглэх боломжгүй болж байна. Энэ нь төрийн сүлдтэй мөнгөн тэмдэгтийг хэрэгцээндээ гүйлгээний хэлбэрээр ашиглахгүй буруу хэрэглээ зан үйлийг үр хүүхэд, хойч үедээ төлөвшүүлэх хандлага болж болзошгүй учраас иргэдэд мэдлэг мэдээлэл олгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Мөн хуучирч муудсан, урагдсан мөнгөн тэмдэгтийг устгахад маш их зардал гардаг учраас эдийн засагт асар их хохиролтой гэдгийг Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбарын захирал Б.Батнасан иргэд хөдлөмөрчдөд танилцуулж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻