ОБЕГ-т Говь ХК 16 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-29 17:17:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-нд  “Говь” ХК  дээвэр хучилтын ажлаа хийж дуусган, үйлдвэр дотор хуралдсан усыг цэвэрлэж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлаа хангажээ.

Тиймээс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Засгийн газрын харьяа Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, УБ Төмөр Зам ТӨХК, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган, туслалцаа үзүүлсэн албан байгууллагууд, иргэдэд компанийн зүгээс чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн хамт “Говь” ХК-д туслах хандивын дансанд цугласан нийт хандивын 50 хувь болох 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлахаа мэдэгдсэн.

Тэгвэл  “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан: “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Харин Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр: “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна.

Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тусаа өгнө” гэв.
 Б.Заяа
相关新闻