Санхүүгийн салбарын стратегийн зорилтыг тодорхой болгохыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-29 18:16:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулахаар тусгасан.

Энэ дагуу Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран санхүүгийн салбарын хөгжлийн дунд болон урт хугацааны стратегийн зорилтуудыг хамарсан бодлогын баримт бичгийг боловсруулан нээлттэй хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, Банкны салбарт баримтлах дунд хугацааны бодлого, Банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратеги зэрэг сэдвээр холбогдох албаныхан танилцуулга хийж, оролцогсдын асуултад хариулав.

Мөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд “Санхүүгийн боловсрол”, “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах”, “Мөнгө угаах терроримыг санхүүжүүлэхтэй тэмцэх”, “Сайн засаглал” зэрэг сэдвийг онцлов.

Хэлэлцүүлгийн үр дүнд  Монгол Улсын санхүүгийн салбарыг дунд хугацаанд улам төгөлдөржүүлж, нэг төрөл давамгайлсан бүтцээс олон салбарт тулгуурласан бүтцэд шилжих зүйтэй гэдэгт саналаа нэгтгэлээ. Мөн  стратегийн зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх арга зам, хяналт, зохицуулалтын арга механизмыг төгөлдөршүүлэх талаарх салбарынхны саналыг бодлогын баримт бичигт тусгахаар боллоо.
相关新闻